Коронавирусийн цар тахлыг дотооддоо алдсантай холбоотойгоор Харилцаа холбооны зохицуулах хорооноос хэвлэл мэдээллийн байгууллагуудад худал мэдээлэл тараахгүй байх, цар тахалтай холбоотой мэдээллийг зөвхөн албаны эх сурвалжаас авах, хувь хүний өгсөн мэдээллийг сайтад байршуулахгүй байх тухай зөвлөмж хүргүүлсэн.
Уг зөвлөмж нь Үндсэн хуулийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн зарим зүйл заалттай зөрчилдөж байгаа юу үгүй юу гэдэг асуудлыг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаагаас тодрууллаа.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа:
Монгол Улсад нөхцөл байдал нэлээн өөр боллоо. Цар тахлын хорио дэглэм улам чангарч байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард цар тахалтай тэмцэх тухай хууль батлагдсан. Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвлөмж хүргүүлсэн байх.
Аливаа хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгмийг буруу зүйл уриалсан, хүчирхийллийн шинж чанарыг агуулсан сэтгэгдлийг өөрсдөө хянах, хязгаарлах бүрэн боломжтой. Сүүлийн үед хамгийн их маргаан дагуулсан зүйл нь худал мэдээлэл гэж юу юм? Баталгаатай эх сурвалж гэж хэн юм бэ гэдэг асуудал болоод байгаа. Энэ асуудлыг Хэвлэл мэдээллийн зөвлөл анхааралтай ажиглаж байгаа.
Цар тахлын үед хэдийгээр иргэдийн зарим эрхийг хязгаарлаж байгаа нь зөв боловч нэг хөлөө аврах гээд нөгөө хөлөө тайрч болохгүй. Иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэж, харилцан ойлголцож байж энэ бүхнийг даван туулах ёстой.
Цар тахлын тухай хуульд худал мэдээллийг тараахыг хориглоно гэх заалтыг оруулж байх үеэс л Хэвлэлийн зөвлөлөөс анхааруулга, сануулгыг өгч байсан.
Сэтгүүл зүйн үйл ажиллагаа эх сурвалж дээр л явагддаг. Мэдээж хэрэг улсын онцгой комиссын мэдээлэл албан ёсны эх сурвалж мөн боловч үр дагаврыг хүртэж байгаа иргэдийн дуу хоолойг хүргэх ажил давхар явагдах ёстой. Энэ ажлыг хэвлэл мэдээллийн байгууллага нь хийх учиртай.
Засгийн газар зөвхөн бидний өгсөн мэдээллийг дамжуулаарай гэж хэлж байгаа нь учир дутагдалтай. Энэ эх сурвалжийг ашигла, тэрийг болохгүй хэмээн заах нь хэвлэлийн эрх чөлөөг зөрчсөн үйлдэл болно. Энэ нь ардчилсан улс оронд төсөөлөгдөшгүй зүйл. Сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллагууд Засгийн газрын мэдээллийг дамжуулахаас гадна нөгөө талд хохирч байгаа иргэдийн дуу хоолойг заавал дамжуулж хүргэх ёстой.
Бүх нийтийн бэлэн байдалд яг одоо Монгол Улс шилжчихсэн байна. Цар тахлын хор хөнөөлийг бууруулах зорилгоор тодорхой цагийн хооронд хэвлэл мэдээллийн байгууллагын автомашины хөдөлгөөний хязгаарлалтыг тогтоосон нь хэвлэлийн эрхийг зөрчсөн үйлдэл болохгүй.