Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар өргөтгөсөн хуралдаан хийж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан. Сангийн яамнаас ажлын хэсэг гарч энэ лхагва гарагт банкны зээл, түрээс, эдийн засгийн асуудалд ямар арга хэмжээ авах талаар Засгийн газрын хуралдаанаар танилцуулах ажээ. Тэгвэл хөл хорио тогтоосноор улсын эдийн засаг болон бизнесийн салбарт ямар хүндрэл гарч болзошгүй талаар СЭЗИС-ийн багш, Эдийн засгийн ухааны доктор, профессор Ж.Дэлгэрсайхнаас тодрууллаа.
-Манай улсын хувьд болгоомжилж байсан эрсдэл гарлаа. Коронавирусийн халдвар дотоодод бүртгэгдэж, хөл хорио тогтоосноор Монгол Улсын эдийн засагт цаашлаад бизнес эрхлэгч, жижиг дунд бизнес эрхлэгч, хувийн байгууллагуудад маш хүнд тусахаар болж байна. Хамгийн хүнд цохилт өдөр тутам ажил хийж мөнгө олдог иргэд, бизнесийнхээ орлогоор амьдарч, зээлээ төлдөг хувийн бизнестэй иргэд, бизнесийн ашиг орлогоосоо ажилчиддаа цалинжуулдаг хувийн байгууллагуудад тусахаар байна. Энэ байдал удаан үргэлжилбэл дотоодын эдийн засагт томоохон цохилт өгнө.
Төсвийн хүндрэл гэхээсээ иргэдийн ажил орлого, бизнесийн үйл ажиллагааг гал алдуулахгүй байх тал дээр илүү анхаарах шаардлагатай. Төр онцгой нөхцөл байдлын үүргээ гүйцэтгэж илүү хүчтэй, хариуцлагыг өөр дээрээ авах нөхцөл байдал үүсэж байна гэж харж байна.
Төсвийн дарамт гэлгүйгээр төр ямар нэгэн байдлаар бизнес эрхлэгчид нарыг дэмжих тал дээр өмнө нь хэрэгжүүлсэн ажлаасаа давсан бодлого чиглэл гаргах хэрэгтэй. Онцгой нөхцөл байдал үүссэн тул онцгой арга хэмжээ авах хэрэгтэй. Төр засаг шийдэж чадахгүй бол өөр хэн ч шийдэж чадахгүй.
Дайны нөхцөл байдалтай дүйцүүлэн ямар нэгэн аргаар эдийн засаг руугаа мөнгө оруулах хэрэгтэй. Бизнес эрхлэгч нарынхаа урсгал зардал, ажилчдынх нь цалин хөлснөөс хуваалцахгүй бол цаашдаа бид нар ядууралтай тэмцэх шаардлага үүснэ.
Үүнийг шийдэхийн тулд нэлээд хэмжээний мөнгийг хувийн байгууллага, бизнес эрхлэгч нартаа оруулах тал дээр дорвитой ажил хийж хэрэгжүүлмээр байна. Өнгөрсөн хавар хэрэгжүүлсэн арга хэмжээнээс давсан арга хэмжээ авснаар бизнес эрхлэгч нараа тогтоохгүй бол иргэд ядуурал өртөж, бизнес эрхлэгч нар хаалгаа барихад хүрнэ.
Банкны зээлийг царцаах асуудал яригдаж байгаа. Энэ нь цаашлаад банк санхүүгийн салбарт эрсдэл үүсгэнэ. Иймээс банкны салбарыг эрсдэлд оруулахгүй байхаар зохицуулах хэрэгтэй.
Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа сүүлийн үеийн нөхцөл байдлыг харахад цар тахлын эсрэг иж бүрэн төлөвлөгөө харагдахгүй байна. Иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж байгаа ч эдийн засгаа яаж хамгаалах вэ гэдэг дээр зохистой төлөвлөгөө байхгүй байна. Уг төлөвлөгөө байснаар шийдлүүд нь илүү тодорхой болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.