Иргэн С.Ундрах өчигдөр фэйсбүүкийн “Одонтой ээжүүд” группэд “Монгол бахархлын өдрийн мэндийг өнөр бүлийн эзэгтэй нартаа дэвшүүлье. 50,000 ширхэг маскийг хоёр удаа яваад авчихлаа. Цагдаагийн хангалтын масктай хамт ачуулсан учир цаг алдалгүй авлаа. Ханийгаа өмнөө бариад л давхичихлаа...” гэх постыг оруулсан нь иргэдийн дунд маргаан мэтгэлцээнийг дэгдээв.
Иргэд олон нийтийн сүлжээнд “Цагдаагийн хурандаагийн эхнэр болохоороо хорио цээрийн дэглэм үйлчилдэггүй юм уу. Цагдаагийн эхнэр ачаагаа авч болж байгаа юм бол би ч гэсэн авмаар байна” гэх зэргээр шүүмжилсэн.
Энэ дагуу иргэн С.Ундрахтай утсаар холбогдож тухайн асуудлыг тодруулахад “Одон ээжүүдийн дунд нийгмийн сайн сайхны төлөө нэгдэж, гар бие оролцъё гэдэг аян өрнөсөн. Уг аяны хүрээнд гэр бүлийнхээ хүрээнд амны хаалт захиалахаас гадна, олон нийтийн аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа 5000 алба хаагчдад тараах зорилгоор 50,000 ширхэг амны хаалтыг захиалсан. Уг захиалга маань цагдаагийн хангалтад тараахаар яаралтай горимоор орж ирсэн амны хаалттай хамт ирснийг өчигдөр хүлээж аваад түүнийгээ постолтол хүмүүс буруугаар мушгаад эхэлсэнд харамсаж байна. Миний нөхөр цагдаагийн байгууллагад ажилладаггүй, төрийн байгууллагад ч ажилладаггүй. Бид хувиараа жижиг бизнес эрхэлдэг. Тухайн амны хаалтыг ашиг олох зорилгоор бус нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтийн аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа хүмүүст тараах зорилгоор л оруулж ирсэн шүү” гэв.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Иргэн С.Ундрахын нөхөр цагдаагийн байгууллагад ажилладаггүй нь үнэн” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.