Өнөөдөр УИХ-ын чуулган цахимаар хуралдаж, түүхэндээ анх удаа цахимаар төсвөө баталлаа. 2021 оны төсвийг батлах чуулганд 69 гишүүн оролцож 85,5 хувийн саналаар баталсан юм.
Хуулийн дагуу ирэх оны төсвийг 11-р сарын 15-нд эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах ёстой. Тиймээс өнөөдөр сүүлийн өдөр учир УИХ-ын гишүүд цахимаар хуралдаж төсвөө баталлаа.
Чуулганы танхимд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, цөөнхийг төлөөлж УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нар оролцсон бол бусад бүх гишүүд өөр өөрсдийн байгаа газраас болон гэрээсээ оролцсоноороо ихээхэн онцлог чуулган боллоо.
Коронавиурсийн нөхцөл байдал хүндэрсэн учир төсвөө задалж онц байдалд зориулсан төсөв батлах ёстой гэж зарим гишүүд, эдийн засагчид үзэж байгаа юм. Гэвч төсөв батлах хугацаа тулсан учир төсвөө өнөөдөртөө багтааж батлаад дараа тодотгол хийхээр боллоо. Мөн 2021 оны төсвөөс 115 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг танаж оруулж ирлээ.
Энэ удаагийн чуулганыг хялбаршуулсан дүрмээр явуулж гишүүд 1 минутын хугацаанд үг хэлж, асуулт асууснаар төсвөө баталлаа.
Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11,7 их наяд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, нийт зарлагын хэмжээг 13,9 их наяд буюу 30.0 хувь, төсвийн алдагдлыг 2,6 их наяд байсныг бууруулж 2,1 и х наяд болгон дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөж, төсвийн төслийг боловсруулсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.