Коронавирусийн цар тахлын эмчилгээ сайжирсны ачаар халдвараар нас барах магадлал энэ оны дөрөвдүгээр сараас хойш бараг гуравны нэгээр буурсан гэж Вашингтоны их сургуулийн Эрүүл мэндийн хэмжилт, үнэлгээний хүрээлэнгийн судлаачид мэдэгджээ.
АНУ-д одоо "Ковид-19" вирусийн халдвар авсан хүмүүсийн 0.6 хувь нь нас барж байгаа бол цар тахлын эхэн үед 0.9 хувь нь амиа алдаж байсан гэж тус хүрээлэнгийн Захирал, доктор Кристофер Мюррей хэлсэн байна.
Статистик мэдээллээс харахад эрүүл мэндийн ажилчид өвчтөнүүдийг эмчлэх илүү сайн арга замыг олжээ. Эдгээрт цус шингэлэх эмчилгээ, хүчилтөрөгчийн дэмжлэг, ерөнхий стероид дексаметазон зэрэг үр дүнтэй арга барилууд багтаж байгаа юм.
Түүнчлэн өндөр настай хүмүүс коронавирусийн халдварын улмаас нас барах эрсдэл залуу хүмүүсээс хамаагүй өндөр байгааг хүрээлэнгийн мэргэжилтнүүд тогтоожээ. Кристофер Мюррей энэ талаар "Халдвараар нас барах эрсдэл наснаас өндөр хамааралтай. Хүний нас нэг жилээр өсөх тутамд нас барах эрсдэл есөн хувиар нэмэгддэг" хэмээн тэмдэглэсэн байна.
Тэгвэл "Ковид-19"-ийн урьдчилсан таамаглалын нөлөө бүхий эх сурвалж болох Сиэтлийн хүрээлэнгээс таргалалт ихтэй бүс нутагт цар тахлын нас баралтын түвшин өндөр байгааг тогтоожээ.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.