Улсын Онцгой Комисс өнөөдөр орой /2020.11.12/ хуралдлаа. Хурлаас гарсан шийдвэрийг манай сайт LIVE дамжуулан хүргэсэн.
Мэдээллийг Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Цагдаагийн дэд дарга Ж.Амгалан, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нар хүргэлээ.
Коронавирусийн халдвар Монгол Улсад голомтлон гарсан нь батлагдсанаар улсын хэмжээнд анх удаа тав хоног хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн билээ.
Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг: УОК нийт долоон асуудал хэлэлцсэн. Маргаашаас эхлэн УОК, ЗГ, Нийслэлийн засаг даргын тогтоолд тусгаснаас өөр салбарт ажилладаг иргэд гадуур сэлгүүцэхгүй байхыг хүсч байна. Мөн хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулна. 11 цэгт тандалт шинжилгээ хийнэ. Цэргийн Госпитал эмнэлэгт 550 ор нэмсэн.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Тир машины жолоочоос хойш таван тохиолдол батлагдаад байгаа. Эхнэр, хадам ээж, дүү болон дүүгийн ойрын хавьтлын хоёр хүнээс халдвар илэрсэн. Өнөөдөр Сэлэнгэ аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрлээ. 74 настай эмэгтэй хоёр удаагийн шинжилгээгээр эерэг гарсан. Тус иргэнийг ХӨСҮТ-д эмчлэхээр яг одоо Улаанбаатар хотод авчирч байгаа.
Тухайн иргэний хувьд энэ сарын 6-нд зовиур илэрч, энэ сарын 9-нд эмнэлэгт хандсан. Тээврийн жолоочийн ойрын хавьтлын голомттой холбоогүй. Халдварын голомтыг тогтоохоор ажиллаж байна. Сэлэнгэ аймагт илэрсэн сэжигтэй тохиолдол нь "Энхсаран" сувилалаас гарсан голомттой холбоогүй учраас өөр голомт үүссэн байж болзошгүй гэж үзэж байна. Хугацааны хувьд тооцохоор!
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан: Дам хавьтагчдын ихэнх нь тогтоогдсон. Өөрсдөө хаана байгаагаа ихэнх нь хэлж байна. Тандалтын судалгаа ойрын хоёр хоногтоо дуусна. Тиймээс ойрын хугацаанд намжина хэмээн бүгд найдан, дор бүрнээ дэглэмээ сайн сахина уу. Хөл хориог сахих, автомашинтай зорчих дэглэм сайн биш байна. Өнөөдөр 23.00 цагаас эхлэн явган, автомашинтай зорчигчдын хөдөлгөөнийг эрс багасгаж, хөл хорио чангатгана. Гадуур явж байгаа иргэд ямар зорилгоор явдаг эсэхийг судалсан. Гэтэл айл өрхүүд рүү тодорхойгүй, зорилгогүй явж байна. Хүнтэй бага уулзах, гэрийн дэглэмийг чандлан сахихыг зөвлөж байна.
Маргаашнаас эхлэн зорилгогүй явж байгаа иргэд, автомашины хөдөлгөөнийг эрс хориглох талаар шаардлага тавина
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: Хүнсний зах, эмийн сангаас иргэд өөрсдийн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа. Үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлж, ШӨХТГ-аас хяналт шалгалт хийж, торгож байгаа. Түүнчлэн тусгаарлах байруудад хяналт шалгалтыг чангатгасан.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Мэндсайхан: УОК-ын даргын тушаалаар Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабыг байгуулсан. Штабын бүрэлдэхүүнд нийслэлийн болон бүх аймгийн Засаг дарга багтаж байна. Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штаб Гамшгийн тухай ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хүнсний аюулгүй байдал болон хангамжид ямар нэгэн асуудал үүсээгүй байгаа.
Хөл хорионы үед бүх хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллаж, хот хоорондын хүнсний тээвэр тасралтгүй үргэлжилж байна.
Махны хувьд гэхэд Улаанбаатар хотод өмнө нь нийлүүлэгдэж байснаас илүү байгааг хэлмээр байна. Иргэд минь хүнсний хангамжийн асуудал дээр тайван байгаарай хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.