СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-11-11

Засгийн газар: Тав хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоолоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Улсын онцгой комиссын хуралдаан үдшийн 21:00 цагийн орчимд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан хуралджээ

Холбогдох албаныхан салбар бүрийн нөхцөл байдлыг танилцуулан цаашид авах арга хэмжээний талаарх саналаа нэгтгэж, Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулсан аж.

Дөнгөж сая Засгийн газрын ээлжит бус хуралдаан дуусч хурлаас гарсан шийдвэрийг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.

Шадар сайд Я.Содбаатар: ДЭМБ-аас өгч буй зөвлөмж, манай улсын эрдэмтэн мэргэжилтнүүдийн зөвлөмжийг үндэслээд Монгол Улсын хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн байгууллагын дунд бүх нийтийн бэлэн байдлын 2-р зэрэг тогтоож, хатуу хөл хорионы зарчим руу оруулж байна. Өөрөөр хэлбэл, 2020 оны 11-р сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоолоо.

Дэлхий нийтэд мөрдөж буй хатуу хөл хорионы зарчим юм. Энэ арга хэмжээг манай улс анх удаа авч байна. 0-12 насны хүүхдээ харж буй эхчүүд, ганц бие эцэгт цалинтай чөлөө олгоно. 

Дараах байгууллагууд хэвийн ажиллана

Хүнсний дэлгүүр, зах, ШТС, хүнсний үйлдвэр, эмийн сан, эмнэлэг, худаг, усан хангамж, эрчим хүч, дулааны цахилгаан станц, түлш, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, хот хоорондын хүнсний тээврийн үйлчилгээ, буяны үйл ажиллагаа хэвийн явна. Бусад бүх байгууллага ажиллахгүй. Хувийн байгууллагуудыг ажилчдаа гэрээсээ ажиллах боломж олгоно уу хэмээн хүсч байна. 

Ард иргэдээ гэрээсээ гарахгүй байхыг мөн хүсч байна. Хөдөлгөөнийг эрс хязгаарлах зөвлөмжийг дагана уу.

Зорчигч болон ачаа тээвэрлэлт

Халдварын дэгдэлтийг хумихын тулд хатуу хөл хорио тогтоосон болохыг онцгой анхаараарай. Хот хоорондын хөдөлгөөнийг бүрэн зогсооно. Харин хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл гэх мэт стратегийн ач холбогдолтой тээвэрлэлтийг зорчуулна. Нийтийн тээвэр өглөөний 06:00-10:00 цаг, оройны 17:00-21:00 цагуудад зорчино. Зайлшгүй ажиллах ёстой хүмүүсийг зорчуулах ёстой. Иргэд хувийн тээврийн хэрэгслээрээ дэлгүүр, зах явах зэрэг шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ аль болох гадуур зорчихгүй байхыг зөвлөж байна. Гудамж талбай, байрны орц зэргийн гадна эргүүл гаргаж хяналт тавина.

Аймаг орон нутаг бүх нийтийн бэлэн байдлын үед авах арга хэмжээний тухай 23 заалт бүхий хууль бий. Бүгд хуулиа дагаж ажиллана. 

Тусгай үүргийн нислэгийн хувьд өнөөдөр Япон Улсаас тусгай үүргийн нислэг ирсэн. 123 хүн ирж тусгаарлалтад орсон. 11-р сарын 13-ны өдрийн БНСУ-ын нислэгээр Монголоос зорчигч авч явна. Сөүлээс УБ руу хүн тээвэрлэхгүй, эм эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэнэ. Цаашид төлөвлөж байсан тусгай үүргийн нислэгүүдийг түр түдгэлзүүллээ.

Банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг хязгаарлалттайгаар ажиллуулна. Зайлшгүй тохиолдолд иргэдийг банк руу очихыг зөвшөөрнө. Хатуу хөл хорионы 5 хоногийн 2 өдөр нь ажлын, 3 өдөр нь амралтын өдөр таарч байгаа тул гэрээсээ гарахгүй байхыг сануулж байна. 

Одоогийн байдлаар манай улсад коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тоо 374-т хүрсэн. Үүний зургаа нь зөвхөн өнөөдөр батлагдсан билээ. Тусгаарлалтаас гараад дөрөв хоносны дараа вирусийн халдвар авсан нь батлагдсан тээврийн жолоочийн ар гэрийн 3 хүн халдвар авсан болох нь батлагдсанаар олон нийтийн дунд халдвар тархсан байх өндөр магадлал үүссэн

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Халдвар авсан тээврийн жолоочтой ойрын хавьтлын 73 хүнийг тодорхойлж чадсан. Дам хавьтлын 2000 гаруй хүн байх магадлалтай. Тэднээс халдвар илрэхгүй гэх баталгаа алга. МУБИС-ийн оюутныг ХӨСҮТ-д тусгаарласан. ДЭМБ-ын судалгаагаар халдварын нууц үеийн хугацаа 14 хоног гэж байгаа. Сүүлийн үед 24-25 хоног болж өсч байна гэсэн мэдээлэл ч ирж байна. Коронавирус шинэ үеийн вирус учраас бүрэн судлагдаагүй байна. Судалгаа шинжилгээний дүнд цаашдын арга хэмжээгээ төлөвлөнө. Тусгаарлалтын 21 хоногийг сунгах, гэрийн 14 хоногийн тусгаарлалтыг эргэн сэргээх талын шийдвэр одоохондоо гараагүй байна. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: 10 орчим вакцин 3-р шатны туршилтдаа явна. ДЭМБ-д бүртгэгдсэн вакцин одоогоор байхгүй. ХБНГУ-АНУ-ын хамтарсан вакцины туршилт 90 хувьтай байгаа. Хэзээ зах зээлд нийлүүлэх боломжтой, үнэ ханш ямар байх талаар харилцан ярилцаж байна. Оношлуурын тухайд нөөц боломжийн бий. Гэхдээ нөхцөл ямар ч байдлаар өөрчлөгдөж болзошгүй тул давхар нөөц бүрдүүлж ажиллаж байна. 

Цаашид ард иргэд халдвар хамгаалалтын дэглэмийн хатуу чанд сахиж, маскаа зүүж гараа тогтмол ариутган гэр орноо чийгтэй цэвэрлэгээгээр байнга цэвэрлэж, өөрсдийгөө халдварт өвчнөөс хамгаалахыг УОК-оос анхаарууллаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
66.181.188.88

иргэдийн дунд ч алдчихлаа л даа

oyun
4 жилийн өмнө
202.55.188.93

энэ хотын харьяатай хөдөө ажилаар ч юмуу дадлагаар явсөн хүмүүсийг яааж хотруу ирүүл хүү

Их баяр
4 жилийн өмнө
66.181.161.94

Хөдөөнөөс ирж үзүүлээд 3 сард хагалгаанд орох болоод буцах гэсийн яах вэ айлд байгаа юм

Б.Золбаяр
4 жилийн өмнө
202.126.88.214

сайн байна уу та бүхэнд ажлын амжилт хүсье .Хөдөө орон нутгийн хүмүүсээ хэзээ гаргах вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.