И.В.Ф. Гётегийн “Фауст” жүжгийг хүний түүхэнд бичигдсэн хамгийн аугаа зохиол гэж тодорхойлдог аж. Мань мэтийн мөхөс ухаант яахан түүнийг ухварлах билээ. Зүгээр л “Фауст”-ын хэлэх гэсэн санаанаас ганц нэг жишээг буулгалаа.
Юун түрүүнд “Альфа” гэх шинэ театр манайд урьд өмнө нь байгаагүй тайз хэрэгсэлтэй, жүжиг тавихад жинхэнэ зориулагджээ. Үзэхэд урамтай.
Жүжигчидтэй юу ярих билээ. С.Болд-Эрдэнэ, Т.Бархүү, С.Мягмарнаран гуай нар шүү дээ. Тэр дундаа Т.Бархүү бол авьяасын туйл юм аа, яалт ч үгүй.
“Фауст” жүжиг дэх бурхан-чөтгөр, чөтгөр-Фаустын харилцаа тэр чигтээ эргэцүүлэл, бодрол, сэхээрэл, сэтгэлгээний чадвар шаардах юм.
Эгэл үзэгч надад хамгийн их таалагдсан дүр бол Мефистофель буюу жүжигчин Т.Бархүүгийн бүтээсэн чөтгөрийн дүр. Мэдээж өөрийгөө олох гэж, өөртэйгөө, бодит амьдралтайгаа, чөтгөртэй зөрчилдөж буй Фауст ч гоё.
Гэхдээ Мефистофель яагаад илүү гоё вэ гэвэл, хүн төрөлхтний өөрөөсөө ч нуудаг мөн чанарыг, өөрөө мэдмээргүй тэр л нүцгэн үнэнийг доог, тохуутайгаар илчилдэг нь гоё.
"Энэ ёстой хүн төрлөхтөнд зориулж хэлмээр гоё үг санж. Үнэхээр хүн гээч ханаж цадахгүй их зовлон нүгэл хураачихаад өөрсдийгөө диваажинд очих ёстой гэж эндүүрдэг, дээгүүр бодолтой амьтад. Үнэн хэрэгтээ, тэр их нүгэл хилэнцийнх нь төлөө там ч гоёдсон тансаглал болох буйзаа..."
Мефистофель:
-Алдаагаа засна гэдэг бол нэгэнт идсэн бялуугаа буцаагаад бөөлжиж гаргана гэсэн үг.
Хүмүүс та нар өөрсдийгөө арай л дээгүүр үнэлэх юм. Та нар өөрсдийнхөө мөн чанарыг хүлээн зөвшөөрдөггүй. Та нар яагаад зүгээр энгийн нохой шиг амьдарч болдоггүй юм бэ.
Яагаад, юу хэрэгтэй гэж...?
Тэр их мөрөөдөл, шунал тачаал, зовлон тарчлаан, мөнгө, эд баялаг, эрх мэдэл... энэ бол та нарын нэрийн хуудас. Там бол та нарт зориулсан таван одтой зочид буудал.
Өөрсдийгөө хүлээн зөвшөөрч чаддаггүй та нарын энэ тэнэг зан чинь нохойноос нэг шат доогуур гэдэгтэй чинь хэзээ ч эвлэрүүлдэггүй юм даа...
"Энэ хэсэгт хүний өөрөөсөө зугтахыг хүсдэг төр нүцгэн үнэн байх аж. Бид үнэндээ нохойноос нэг шат доогуур атал өөрсдийгөө ихэд бодож хөөрцөглөх...Бусдын төлөө амьдарч байгаа мэт өөрсдийгөө дөвийлгөх...Гэтэл үнэндээ тэр их шунал, хүслээр яанам. Нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоод..."
Дахин нэг жишээ:
Мефистофель:
-Зүрх сэтгэлээ засахад нэгэнт оройтсон гэдгээ мэдрээд, өөрийнхөө эд эсийг шилэн хоргонд хийж өсгөж, ургуулаад өөрийгөө дахин шинээр бүтээх гэснээ чи бас бусдын төлөө гэх үү?
Чи надад баярлах ёстой шүү!
Би чамайг дахин төрүүлсэн. Чиний үзэхийг хүссэн ертөнц чиний дэргэд байдаг гэдгийг харуулах гэсэн болохоос биш чиний надтай учирснаас хойш амссан жаргал бүхний төлөөсийг би зохиож бэлэглээгүй юм шүү... Тэгээд хэн зохиосон юм бэ гэж үү?
Мэдэхгүй, тэрийг чөтгөр би ч мэдэхгүй...
-Тэгээд Аз жаргал бүгдийн эцэст төлөөс төлдөг юм биз дээ?
-Төлөөс... Тийм ээ. Аз жаргал бүхэн эргээд төлөх төлөөстэй шүү дээ...
"Эцэст нь Фауст, "Хүн өөрийнхөө мөн чанарыг олж чадвал Аз жаргалыг олж байгаа нь тэр" хэмээн сэхээрэх нь хүний хүн өөрийгөө олсон цагт чөтгөрийн доог, тохуу болохгүйгээр амьдрах зам, мөрийг олж байгаа хэрэг аж. Нэг үгээр, гэгээрэлд жаахан ойртож байж жинхэнэ мөн чанараараа амьдардаг ажгуу."
Түүнийг доорх жишээнээс:
Фауст:
-Би эхэлсэн газраасаа гарц хайна.../алдаагаа засах боломж олгооч дээ бурхан минь/
Мефистофель:
-Алдаатай чинь хамт бурхан өөрөө чамайг шийтгэнэ. Угаасаа байгалийн хуулийг хэн ч зөрчиж чаддаггүй юм...
Фауст:
-Миний өөрчилж чадаагүй ганц зүйл бол би өөрөө байсан байна. Би Аз жаргалыг зөвхөн өөртөө зориулж байж. Жинхэнэ аз жаргал гэдэг бол бусдын аз жаргалын төлөө шалтгаангүйгээр тэднийг хайрлаж үнэн сэтгэлээсээ тэдний төлөө амьдрах юм байна...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
яг үнэн шүү бусдыг хайрлах нь eрөөл болдогюм