Суурьшлын бүсийн тэлэлттэй холбоотойгоор зэрлэг амьтны тархац нутаг хумигдан идэш тэжээлийн хомсдолд орж улмаар хотруу орж ирэх, зэрлэгшсэн нохойд бариулах зэрэг асуудлууд тулгарч байна.
Иргэд ан амьтан гэмтсэн дуудлага мэдээллийг Нийслэлийн байгаль орчны газарт өгдөг. Дуудлага мэдээллийн дагуу байгаль хамгаалагч, байгалт орчны газраас мэргэжилтнүүд очиж тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.
2019 онд дээрх төрлийн 43 дуудлага мэдээлэл хүлээн авсан бол 2020 оны 10 дугаар сарын байдлаар 104 удаагийн дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Хөхтний 28, шувууны 46, хэвлээр явагчийн 30 дуудлага ирсэн байна.
Хүлээн авсан дуудлагаас 16 бодгаль амьтныг асран тэнхрүүлж байгальд эргүүлэн тавьж, 71 бодгаль амьтныг шууд байгальд шилжүүлэн, 17 бодгаль амьтан эмчилгээ авч чадалгүй хорогдсон байна.
Зэрлэг ан амьтан устах, бэртэж гэмтэх шалтгаан болоод байгаа зэрлэг нохдыг хүн бий болгодог. Хүмүүс өөрсдийн тэжээж байсан нохойгоо төөрүүлэх, хаяж нүүх, гөлгийг нь уул, жалганд хаяснаар зэрлэг ноход бий болдог байна. Зэрлэг ноход нь ан амьтан барихаас гадна тэжээвэр мал амьтан барих, хүн хүүхэд рүү ноцох асуудал үүсдэг ажээ.
Иймээс тусгай хамгаалалттай газар, зуслангийн суурьшлын бүсэд зэрлэг нохой муур устгах ажил явагдаж байна. Одоогоор 200 гаруй зэрлэг нохой устгалд оруулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.