Та нэг сая иен буюу ойролцоогоор 9,600 ам.доллароор хэдэн ширхэг бэрсүүт жүрж худалдаж авах боломжтой бол? Тэгвэл Японы нэгэн иргэн энэ долоо хоногт болсон дуудлага худалдаагаар дээрх мөнгөөр ердөө 100 жүрж худалдаж авчээ.
100 ширхэг "Микан" буюу япон бэрсүүт жүржээс бүрдсэн 20 кг жинтэй энэ хайрцгийг пүрэв гарагт Токио хотын төв бөөний зах болох "Ота"-д дуудлага худалдаанд оруулсан байна. Энэ нь Японы өмнөд хэсгийн Шикоку арал дээр орших Эхимэ мужийн алдарт сацума бэрсүүт жүржийн энэ жилийн анхны дуудлага худалдаа аж.
Эхимэ мужийн микан жүрж нь баялаг, чихэрлэг амтны тэнцвэртэй байдал, хальслахад хялбар нимгэн арьс болон аманд ороод хайлдаг чанараараа алдартай гэнэ. Тэднээс хамгийн өндөр үнэд хүрдэг нь тус мужийн Нишиува бүс нутгийн "Хиномару" брэндийнх аж.
"Хиномару миканыг Эхимэ мужийн Яватахама хотын эрэг дээрх хязгаарлагдмал бүсэд тариалдаг. Энэ бол "Гурван нар"-ны доор ургадаг микан юм. Нар, далайгаас туссан нарны гэрэл ба чулуун хананаас туссан гэрэл" гэж "JA Nishiuwa"-гийн борлуулалтын хэлтсийн ажилтан Шин Асай ярьжээ. Уг бүс нутагт зөвхөн 100 орчим фермер л энэ төрлийн тусгай миканыг ургуулдаг байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.