Тээврийн цагдаагийн албаны УСХ-ийн дарга Э.Энхболдтой архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, хүний амь нас хохироох гэмт хэрэг буурахгүй байгаа талаар дараах сэрэмжлүүлэг ярилцлагыг хийлээ.
ТЦА-ны УСХ-ийн дарга Э.Энхболд:
-Энэ оны эхний арван сарын байдлаар зам тээврийн ослоор 365 иргэн амь насаа алдсаны 20 хувь буюу 87 нь архи, согтууруулах ундаатай холбоотой байна. Иргэдийн хувьд согтуурсан үедээ жолоо барьж, хөдөлгөөнд оролцсон, мөн явганаар зорчиж яваад машинд мөргүүлж нас барж байна.
СХД-ийн "Арван үндэс"-ийн арын замд өчигдөр 22 настай Г гэгч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Приус маркийн машин жолоодож яваад гурван автомашинтай мөргөлдсөн. Мөргөлдөх үед нэг иргэний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарлаа.
Дорнод аймагт өнгөрсөн сард 25 настай залуу согтуугаар хөдөлгөөнд оролцож яваад айлын гэр мөргөж, эцэг, эхийнх нь амь насыг хөнөөж, хоёр хүүхэд өнчрүүлсэн хэрэг гарсныг үзэгчид санаж байгаа байх.
Согтуу жолоочдын балаг тасрахгүй байгаа учир энэ бүхнийг сэрэмжлүүлэн ярьж байна. Хэрэв согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэрэг зөрчил гаргавал 5-8 жил жолоодох эрхийг нь хасах, эсвэл 2-8 жил хорих ял шийтгэдэг гэдгийг сануулмаар байна.
Ухаантай хүн хүний алдаан дээр суралцдаг шүү дээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.