Төрөөс мал аж ахуйн салбараа дэмжих бодлогын хүрээнд бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор инженерийн хийцтэй худаг байгуулахаар ХХААХҮЯ-наас сонгон шалгаруулалт зарласан ч хөрөнгийг нь луйвардсан хэрэгт холбогдсон Н.Ломбохүү, Э.Балжинням нарт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт дахин үйлдэж шүүхэд шилжүүллээ.
Тэд худаг гаргах тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн удирдлагатай нийлж төсвийн хөрөнгийг луйвардаж, завшсан, хоосон баримтаар төлбөрөө авч мөнгө угаасан нь шалгалтаар тогтоогдоод буй юм. Тодруулбал, Завхан аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын эрх бүхий албан тушаалтнууд болох дээрх хоёр хүн албан тушаалаа урвуулж, Завханмандал сумын нутагт инженерийн хийцтэй хоёр худаг барих тендерт шалгарсан компани ажлаа огт хийгээгүй байхад барилгыг хүлээн авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлсэн хэрэгт холбогдоод байгаа билээ.
Тэдний эл үйлдлийн уршгаар ХХААХҮЯ-наас гүйцэтгэгч компанийн данс руу санхүүжилт хэмээн татвар төлөгчдийн төрдөө тушаасан 36 сая төгрөгийг шилжүүлж, улсын төсөвт хохирол учруулсан юм. Н.Ломбохүү, Э.Балжинням нар прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, Завхан аймаг дахь Сум дундын шүүхэд өмнө нь нэг бус удаа шилжүүлсэн байдаг. Харамсалтай нь, Завханы шүүх, прокурорын байгууллагынхан уг хэргийг шийдвэрлэхгүй, шалтгаангүйгээр удаашруулсаар, үл ялих шалтгаанаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байна.
Хамгийн сүүлд гэхэд Завхан аймгийн Сум дундын шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн 2020 оны хоёрдугаар сард хэвээр нь баталжээ. Ингэснээр тус шүүхээс 3-4 удаа хэргийг буцаасан гэсэн үг. Ийнхүү үл ялих шалтгаанаар удаа дараа буцааж байгааг нэг нутаг усныхан бие биеэ таньдаг, шүүгч, прокуроруудтайгаа найз нөхөд болсон учраас зориуд хэрэг шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлж, хөөн хэлэлцэх хугацаа дуусгахыг санаархаж байж болзошгүй гэж хардах хүн олон.
Яллагдагч Н.Ломбохүү нь хэдхэн хоногийн өмнө болсон Цэцэн-Уул сумын ИТХ-д МАН-аас нэр дэвшээд ялагдсан бол Э.Балжинням нь нэр дэвшихээр бичиг баримтаа бүрдүүлсэн ч АТГ-аас эрүүгийн хэрэгт холбогдсон гэсэн лавлагаа орон нутагт нь хүргүүлсэн учраас нэр дэвшүүлээгүй гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хууль шүүхийн байгууллага үйл ажиллагааг шүүмжлэх гэж байгаа бол ядаж наад хөөн хэлэлцэх хугацаа яаж тоолдогийг судлаад мэдчихэж бай гэж зөвлөе. Хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах тогтоол гарах хүртэл тоолдог. Өөрөөр хэлбэл шүүхийн шатанд тэр хугацааг тоолоод сунгаад байдаггүй!!! Бүхэл бүтэн шүүхийг шүүмжлэх аядаж байгаа бол энэ зэргээ эхлээд сайн судал. Худал мэдээлэл олон нийтэд тараах үйлдэл гэмт хэргийн шинжтэй
Үнэн худлыг нь мэдэхгүй байж,үнэхээр гэм буруутай юу гэдгийг шүүхийн байгууллага л тогтооно ш дээ.ийм хүний нэр хүндэд халдсан мэдээлэл бичсэн хэн хариуцлагыг нь хүлээх бэ?
Шүүх прокурортой нь хамт иргэн хүнийг гүтгэн нэр хүндэд нь халдсан байхад шалгах, хариуцах газар гэж бна уу