СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Батжаргал: Хүн хөнөөж, өмч хулгайлсан хэргийг цагдаа шалгахгүй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн V хорооны иргэн манай сайтад хандсан юм. Тэрээр өөрийн эзэмшлийн байрыг бусдад алдсан. . Иймээс үнэнийг тогтоохгүй, иргэний гомдлыг хэрэгсэхгүй байна хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

-Та өөрийгөө хохирогч гэлээ. Танд юу тохиолдсон юм бэ?

-Би эхнэр Бүдээтэй 1986 онд танилцаж, Сүхбаатар дүүргийн II буудалд хамт амьдарч эхэлсэн. 1988 онд Нийслэлийн Засаг даргын захирамж гарч БЗД-ийн V хорооны 2020 дугаар байрны 107 тоотыг манайд өгсөн. Эхнэрийн маань дагавар охин Ганцэцэг, Ганчимэг, Гантуяа нар бид хоёрыг үргэлж зодож дарамттай байсан учраас бид 1993 оныг хүртэл айлаар хонож өнжиж явсан. 1993 онд бид байраа хувьчилж аваад орсон. Цагдаад мэдэгдсэнээс хойш Ганчимэг нь гадаад хүнтэй сууж дүү нараа өөр дээрээ авснаар хөгшин бид хоёр амар тайван амьдрах болсон. Гэтэл дагавар хүү Гантөмөр эхнэртэйгээ таарамжгүй харилцаатай байдаг гээд бид хоёр дээр хүрч ирж хамт амьдрах болсон.

Манай байран дээр хаягийн бүртгэл хийлгэсэн. Бас бидний байрыг булааж авах гэж байнга зодож дарамтлах болсон. Эхийгээ зодсоор хүнд өвчтэй болгож, улмаар 2000 онд аминд нь хүрсэн. Үүнийхээ дараа манай байранд өөр хүмүүс оруулчихаад өөрөө зугтаагаад алга болсон.Түүнээс хойш өнөөдрийг хүртэл би байраа олж авах гэж хөөцөлдөж байна. Хууль хяналтын байгууллага, Монголын цагдаа нар шалгаж өгөхгүй юм. Тэр байрны хууль ёсын өмчлөгч нь эхнэр бид хоёр байсан юм шүү дээ.

-Таны байрыг өөр хүнд зарчихсан уу. Эсвэл эзэмших эрхийг нь шилжүүлчихсэн юм уу?

-2004 онд намайг хөдөө хүнд өвчин туссан эцгийгээ сахиж байх хойгуур дагавар хүү Гантөмөр маань нотариатч Г.Хужаа, Дээд шүүхэд ажилладаг Цэцгээ гэх хүмүүстэй хамтран орон сууцны өмчлөлөөс миний нэрийг хасуулахаар гарын үсгийг дууриалган зурсан хуурамч гэрээ хэлцэл хийж хоёр өрөө байрыг минь зарчихсан байсан. Гэтэл одоог хүртэл миний хаяг тэр байран дээр хэвээр байгаа шүү дээ, хууль ёсны өмчлөгч эзэн нь би. Тэр хүн эхийгээ хөнөөгөөд бас миний бичиг баримтыг хулгайлж хуурамч гэрээ хэлцэл байгуулан байрыг маань зарчихсан. Энэ бол нэгдүгээрт, хүний амь хөнөөсөн гэмт хэрэг, хоёрдугаарт бусдын өмч хөрөнгийг хулгайлсан хулгайн гэмт хэрэг юм.

-Та дагавар хүү Гантөмөрийг эхийгээ зодож амийг нь хөнөөсөн болон өмч хөрөнгө хулгайлсан хэргээр цагдаад өгч шалгуулаагүй юм уу?

-Дагавар хүү маань хөгшин бид хоёрын байрыг булааж авах гээд байнга зоддог байсан. Эхийгээ зодсоор байгаад өвчин хуучтай болгож сав, өндгөвч орчим газар оёдол тавиулсан байсан юм. Зодуурын улмаас тэр оёдол нь задарч нас барсан юм билээ. Тэрийг нь нас барсны дараа ирж үзсэн эмч нь “савны хорт хавдар” гэсэн онош тавьсан байдаг. Энэ асуудлаар нь хуулийн байгууллагуудад хандсанаар 2006 онд эрэн сурвалжилж Гантөмөрийг баривчилсан. Улсын мөрдөн байцаах газраас тухайн үед ажлын хэсэг гарч ажилласан юм. Мөрдөн байцаалтын явцад хүн амины хэрэг нь илрээд ирэнгүүт Улсын мөрдөн байцаах газрын хоёр давхраас гавтайгаа үсэрч амиа хорлосон. Гэтэл хуулийнхан “холбогдогч эзэнгүй” гээд хэргийг хаачихсан. Би хохирсон хэвээр үлдсэн.

-Гэрчүүд байгаагүй юм уу?

-Уг нь энэ хэргийн холбогдогч эзэн нь, баримт нь хангалттай байгаа. Гантөмөрийг амьд байхад нь хуурамч гэрээ хэлцэл хийсэн нотариатч Г.Хужаа одоо ч ажлаа хийгээд байж байна. Бас төрсөн эгч Ганчимэг, Гантуяа, Ганцэцэг нар нь байна. Эхнэр Болормаа нар бий. Эгч нар болон эхнэр нь Гантөмөрийн үйлдлийг сайн мэднэ. Бид хоёрыг яаж зоддог байсныг нь гэрчлэх гэрчүүд тэд. Иймд би үнэнийг шалгуулмаар байна гэж хууль, шүүхийн байгууллагад удаа дараа хандсаар ирлээ. Байраа олж авахаар хөөцөлдөж олон жил явлаа.

-Та хаана ямар өргөдөл гомдол өгч байв?

-Прокурорын ерөнхий газрын туслах прокурор н.Оюундэлгэрт өргөдөл өгч байсан. УПЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Дорлигжавт хоёр удаа хандаж, өргөдөл өгсөн. Гэтэл хэргийг шалгаж, эрүү үүсгэхээс татгалзсан. Орон байрны хулгайн хэрэг, мөн хүн амины хэрэг болохыг шалгуулж тогтоолгомоор байна. Гантөмөр бол нотариатч, цагдаа, прокурортой хамтраад хуурамч бичиг баримтаар үндэслүүлж миний байрыг авах шийдвэрийг гаргуулсан. Нэг хэсэг нь гэмт этгээдтэй хамтран иргэдийн өмчийг хулгайлж, нөгөө хэсэг нь тэрийг нь хаацайлж хамгаалдаг сүлжээ хуулийн байгууллагад байна.

-2006 онд хэргийг шалгуулахад талийгаач эхнэрийг чинь шарилыг дахин задлан шинжилгээнд оруулсан уу?

-Охин Ганчимэг, Ганцэцэг, Болормаа нар нь эхийнхээ шарилыг зааж өгөхгүй зугтаачихсан. Өмнө нь дагавар хүү Гантөмөрийг цагдаад өгөх гэхээр эхнэр “яах юм бэ” гээд өгүүлэхгүй байсан юм. Бид 14 жил хамт амьдарсан. Эцэст нь тэр хүн хүүгийнхээ гарт амиа алдсан. Би ч гэсэн хойт эцгийн хувьд чадлаараа харж хандаж, гэртээ амьдруулчихаад өөрөө зодуулж яваад сүүлдээ байраа алдсан. Хэргийг шалгуулж тогтоолгох гэхээр хууль, шүүхийнхэн нь хөдөлдөггүй. Шударга бус байдал газар авчээ. Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга нарыг хараасай, мэдээсэй гэсэндээ танай сайтад хандлаа. Миний үгийг төрд хүргэж, олон нийтэд сонордуулж өгөхийг хүсье.

Ч.ЗОТОЛ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
191.96.97.58

Ийм балай хаа байсан олон жилийн өмнө юм гаргаж ирж ярихаа болих хэрэгтэй. Энэ олон жил дугарч байхгүй ацаа хийж байсан юм.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.