Энэтхэгийн эрх баригч намын гурван улстөрч тус улсын Кашмир бүсэд халдагад өртөн, буудуулж амиа алдсан хэрэг пүрэв гарагийн орой гарчээ. Цагдаа нар үүнд тус маргаантай бүс дэх Энэтхэгийн засаглалын эсрэг тэмцэж буй дайчдыг буруутгаж байгаа юм.
Зэвсэгтэй эсэргүүцэгчид Ерөнхий сайд Нарендра Модигийн "Бхаратия Жаната" намын гурван гишүүнийг өмнөд Кулгам дүүрэгт буудаж хороосон аж. Халдлагад өртсөн гишүүдийг эмнэлэгт хүргэсэн боловч тэд удалгүй нас барсан гэж цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Амиа алдсан гишүүд "Бхаратия Жаната" намын Залуучуудын холбооны гишүүд байсан бөгөөд тэдний нэг нь тус намын Кулгам дүүргийн Ерөнхий нарийн бичгийн дарга байжээ. Намын төлөөлөгч нь энэ талаар "Энэ бол зэрлэг террорист халдлага. Үүнд хариуцлагатай хүмүүсийг яасан ч өршөөхгүй" хэмээн мэдэгдсэн юм.
Албаныхан одоогоор дэлгэрэнгүй мэдээллийг дэлгээгүй багаа бөгөөд Засгийн газрын хүчнийхэн халдлага үйлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
Энэтхэг, Пакистаны хооронд орших Кашмир бүс нутаг ихээхэн маргаан дагуулдаг. Босогчид Энэтхэгийн засаглалын эсрэг 1989 оноос хойш тэмцсээр ирсэн билээ. Тэгвэл Энэтхэг улс иргэдээ Кашмирт газар худалдаж авахыг зөвшөөрсөн хууль баталснаас хоёр хоногийн дараа энэхүү халдлага болсон байна.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.