Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён-багт тус улсын Дээд шүүхээс хөрөнгө шамшигдуулсан, авлига авсан хэргээр 17 жилийн хорих ял оноожээ. И Мён-баг нь шүүх хурлын явцын үеэр нэг жил шоронд хоригдсон тул дахиад 16 жил хоригдоно гэсэн үг юм.
Дээд шүүхээс Сөүлийн давж заалдах шатны шүүхийн тогтоол болон И-д оноосон ялыг хэвээр үлдээснээр Ерөнхийлөгч асны хоёр жил хагасын турш үргэлжилсэн хуулийн "тулаан" эцэслэж байна. Тэрээр өнөөдөр өглөө болсон шүүх хуралдаанд оролцоогүй гэнэ.
Энэ оны хоёрдугаар сард Сөүлийн давж заалдах шатны шүүх И Мён-багийг 2008-2013 онуудад Ерөнхийлөгчийн алба хашихдаа хээл хахууль авч, мөнгө завшсан хэргээр 12 жилийн хорих ялаар шийтгэн, 13 тэрбум воны торгууль ногдуулсан билээ. Түүнчлэн түүний Ерөнхийлөгчийн суудалд суухаасаа өмнө үйлдсэн гэмт хэрэгт нь дахин таван жилийн хорих ял оноосон юм.
Хэдийгээр И шүүх хуралдааны туршид өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж байсан ч Дээд шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн байна.
Харин И-гийн өмгөөлөгч Канг Хун Дээд шүүх шийдвэрээ хэт яаравчлан гаргасан хэмээн шүүмжлээд, "Дээд шүүх 120,000 гаруй хуудас бүхий нотлох баримтуудыг шалгахад ердөө дөрвөн сар зарцуулсан. Энэ нь шүүх өдөрт 1,000 хуудас уншсан гэсэн үг" хэмээсэн юм. Түүнчлэн И Мён-багийн завшсан, авлигад авсан хэмээж буй мөнгөнөөс нэг ч зоос экс Ерөнхийлөгчид очоогүй гэж мэдэгджээ.
И Мён-баг "DAS" автомашины сэлбэг үйлдвэрлэгч компаниар дамжуулан 25.2 тэрбум вон завшсан хэрэгт буруутгагдсан юм. "DAS" нь хууль ёсны дагуу түүний ах И Санг-Ыний нэр дээр бүртгэлтэй байдаг хэдий ч жинхэнэ эзэн нь И Мён-баг гэж прокурорууд үзэж байгаа аж. И 2009 онд "DAS" компаниараа дамжуулан "Samsung" компаниас 8.9 тэрбум вон хүлээн авсан болох нь тогтоогдсон. Тэрээр үүний хариуд "Samsung" группийн тэргүүн И Кон Хи-д Ерөнхийлөгчийн өршөөл үзүүлжээ.
Эх сурвалж: Korea Joongang Daily
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.