Европ тивд коронавирусийн халдварын хоёр дахь том давлагаа дэгдэж байгаагийн улмаас Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Германы канцлер Ангела Меркель нар өнгөрөгч лхагва гарагт улс орнуудаа буцаад хөл хорионд орохыг тушаав.
Франц улсад өдөрт 36 мянга гаруй халдварын тохиолдол шинээр нэмэгдэх болсон бол энэ оны эхээр Европын хөршүүдээ бодвол харьцангуй бага тохиолдолтой байсан Герман улсад коронавирусийн халдвар огцом өсөж байна.
Ерөнхийлөгч Макрон улсынхаа иргэдэд хандан "Вирус бидний таамаглаж байгаагүйгээр хурдан тархаж байна. Бид хөрш орнуудынхаа адил халдварын огцом тархалтад автаад байна. Хоёр дахь давлагаа эхнийхээсээ илүү аюултай, илүү үхэлд хүргэх болно. Тиймээс бид өмнө нь вирусийг зогсоож чадсан хөл хорионы дэглэмд эргэн шилжих хэрэгтэй гэж би шийдлээ" хэмээн мэдэгджээ.
Ирэх баасан гарагаас хэрэгжиж эхлэх энэхүү дэглэмийн хүрээнд Францын иргэд зөвхөн зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн худалдаж авах, эмнэлгийн тусламж авах, эсвэл өдөрт нэг цагийн турш биеийн тамирын дасгал хийхээс бусад тохиолдолд гэртээ байх шаардлагатай аж. Мөн зөвхөн ажил олгогч нь гэрээсээ ажлаа хийх боломжгүй гэж үзсэн хүмүүсийг л ажилдаа явахыг нь зөвшөөрнө гэнэ. Харин сургуулиуд нээлттэй хэвээр байх юм.
Тэгвэл ХБНГУ-д арваннэгдүгээр сарын 2-30-ны өдрүүдэд баар, зоогийн газар, театрууд хаагдахаар болжээ. Ангела Меркель болон бүс нутгийн Засгийн газрын тэргүүнүүдийн тохиролцсон арга хэмжээний дагуу сургуулиуд нээлттэй байх бол дэлгүүрүүдэд нэвтрэх иргэдийн тоог хязгаарлах аж.
"Бид одоо арга хэмжээ авах хэрэгтэй. Манай эрүүл мэндийн систем өнөөдрийн бэрхшээлийг даван туулж чадах хэдий ч халдварын ийм хурдтай тархаж байгаа үед хэдэн долоо хоногийн дотор гэхэд л хүчин чадлынхаа хязгаарт хүрнэ" гэж Меркель онцолжээ.
Европын хамгийн том эдийн засагтай хоёр улс хөл хорио тогтоох болсон тухай мэдээлэл ил болсон даруйд дэлхийн хөрөнгийн биржүүд уналтад орж байна. Лхагва гарагт Европын хөрөнгийн биржүүд тавдугаар сарын сүүлээс хойших хамгийн доод түвшиндээ хаагджээ.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.