Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-ийн дарга нар ажилчдад олгох урамшууллын мөнгийг өөрсдөдөө авсан эсэхийг ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхнаас тодрууллаа.
-Дарга нарын хувьд урамшуулал аваад байсан тохиолдол байхгүй. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед өдөр, шөнөгүй ажилласан ганц нэг дарга урамшуулал авсан. Хэн, яаж ажиллаж байгааг та нар ч өөрсдөө мэдэж байгаа.
-Тэгвэл яг л тэдэнтэй адилхан ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд урамшуулал хүртэхгүй байна гэсэн?
-Эмч, мэргэжилтнүүдэд илүү цагийн ажилласан урамшууллын мөнгийг олгож байгаа. ЭМЯ-наас урамшууллын мөнгийг ямар хүмүүст олгосон талаар эргэж хянасан. Илүү цагаар ажлаагүй хүмүүст урамшуулал олгоогүй байсан.
-Урамшууллын талаар тодруулаач?
-Энэ жилийн улсын төсвийн тодотголоор илүү цагийн мөнгийг төсөвлөсөн. ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд илүү цагаар ажилласан нэмэлт урамшуулал өгөхөөр болсон.
Дээрээс нь ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай иргэдийг эмчилсэн эмч нарт түүний ар гэрийнхэнд дэмжлэг олгох зорилгоор таван сая төгрөгийн урамшуулал олгосон.
-Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдүүдийн ар гэрийнхэн өчигдөр яамны гадаа тайван жагсаал хийсэн. Тэдний хувьд ЭМД-ийн сангаас эмчилгээний зардал гаргаж өгөөч хэмээн хүссэн?
-ЭМД-ийн сангийн мөнгө Монгол Улсын нийт 3.5 сая иргэнд хүртээмжтэй хүрэх ёстой. Гадаадад эмчлэгдэх боломжтой хүүхдүүдэд даатгалын сангаас мөнгө олгохоор бол 2000-3000 хүнд олгоод дуусна. Харин эмчлэгдэх боломжгүй өвчнийг Монголдоо эмчилдэг болох нь зөв юм гэсэн баримтлалтай байгаа. Ингэхийн тулд өрхийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээг сайжруулах. Лавлагаа шатлалын төвүүдэд хийгдэж байгаа өдөр тутмын оношилгоо, эмчилгээнүүдийг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хийдэг болсноор эмчлэгдэх боломжгүй өвчтөнүүдийг оношилж, эмчлэх болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.