ОХУ-ын нийслэл Москва хотын албаныхан өнгөрөгч есдүгээр сарын 1-нээс хойш амны хаалт зүүгээгүй 46 мянга гаруй хүнд торгууль ногдуулсан болохыг Москвагийн Хяналтын ерөнхий газрын дарга Евгений Данчиков мэдэгджээ.
Тэрээр "Шалгалтыг хамгийн түрүүнд томоохон худалдааны төв, оффис, кино театр, дуурийн театр, спорт, концертын байгууламж зэрэг газарт явуулдаг. Есдүгээр сарын 1-нээс хойш 46,000 гаруй хүнд захиргааны хариуцлага хүлээлгэсэн. Энэ бол зарим хүмүүс заавал өмсөх ёстой амны хаалт болон бээлийг хэрэглэхээс зайлсхийж байна гэсэн үг" хэмээн тайлбарласан байна.
Данчиковын хэлснээр, ариун цэврийн хяналтын байгууллага, цагдаа болон бусад байгууллагууд цар тахлын хоёр дахь давлагаа дэгдсэнээс хойш хяналт шалгалтыг тогтмол явуулж байгаа гэнэ. Москва дахь худалдааны төв болон дэлгүүрүүдийн зочид, ажилтнууд бүгд амны хаалт, хамгаалалтын бээлийг өмсөх үүрэгтэй аж.
Энэхүү дүрмийг коронавирусийн халдварын тархалтыг хянах зорилгоор энэ оны тавдугаар сарын 12-ноос эхлэн хэрэгжүүлж эхэлжээ. Түүнчлэн дэлгүүрийн ажилчид амны хаалт, бээлийгүй хүмүүст үйлчилгээ үзүүлэхгүй байх эрхтэй бөгөөд хэрэв тухайн хүн амны хаалт зүүх эсвэл дэлгүүрээс гарахаас татгалзвал ажилтнууд нь цагдаа дуудаж болох аж.
Амны хаалтын дүрэм зөрчсөн хүн тус бүрийг 4,000 рубль буюу 52 гаруй ам.доллароор торгодог байна.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.