Коронавирусийн халдварт цар тахал тархаж эхэлснээс хойш Чилийн ард түмэн анх удаа бүх нийтийн санал хураалтад оролцлоо. Энэ жилийн дөрөвдүгээр сард санал хураалтыг төлөвлөсөн ч цар тахлын улмаас хойшлуулаад байжээ. Чили улсын иргэд өнгөрсөн жилээс хойш тэгш бус байдлыг эсэргүүцэн удаан хугацаанд эсэргүүцлийн жагсаал тэмцлээ үргэлжлүүлсэн. Жагсагчдын тавьсан шаардлагуудын нэг нь Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах байсан юм.
Тус улсад одоо хэрэгжиж буй Үндсэн хуулийг дарангуйлагч гэгддэг Аугусто Пиночетын зөвлөх Хайме Гузман 1980-аад оны үед батлуулсан гэж үздэг.
Бүх нийтийн санал хураалт ням гарагийн өглөө 08 цагт эхэлжээ. Санал хураах байруудын гадна иргэд урт дараалал үүсгэж, цэрэг цагдаагийнхан хамгаалалтад гарч ариутгалын хатуу чанга дүрэм журмыг баримталсан байна. Иргэдийн саналын 90 хувийг тоолсон дүнгээр 78 хувийн дэмжлэгтэйгээр Чили улс Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахаар боллоо.
Нийслэл Сантьяго болон бусад хотуудад иргэд гадаа гудамжинд гарч баярлан хөөрч байна. Ерөнхийлөгч Себастиан Пинера санал хураалт тайван болж өнгөрсөнд талархал илэрхийлэн бүгд хамтдаа шинэ эхлэл рүү хөл тавьж байгааг онцлон тэмдэглэжээ. Ард түмнийг хуваагаад байсан Үндсэн хуулийг өөрчлөх болсон нь нэгдмэл, тогвортой байдал, ирээдүйг төлөөлж байна гэжээ.
Энэ удаагийн бүх нийтийн санал хураалтад Чилийн 19 сая орчим хүн амын бараг 15 сая нь саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Саналын хуудсан дээр иргэдээс хоёр асуулт асуусан байна. Нэгдүгээрт шинэ Үндсэн хуулийг хүсч байгаа эсэхийг, хоёрдугаарт Үндсэн хуулийн заалтад ямар шинэчлэлт оруулахыг хүсч байгааг асуужээ.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тус улсад ядуурал шат дараатайгаар буурч Өмнөд Америкийн чинээлэг орон болсон ч үндэстэн хоорондын тэгш бус байдал ноёлж ирсэн байна. Иргэд Үндсэн хуулийн шинэчлэлтийг дэмжсэнээр Үндсэн хуулийн зөвлөлийн 155 гишүүн шинэ нэмэлт заалтуудыг цаасан дээр буулгах жилийн хугацаа шаардлагатай. Үүний дараа дахин санал хураалт явуулна.
Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг шийдэх бүх нийтийн санал хураалтад оролцохоор ирсэн иргэд хуулиа дагаж амны хаалт зүүсэн ба саналын хуудас дугуйлах үзэг балаа өөрсдөө авчиржээ. Санал хураах байруудыг зэсний нано тоосонцрын уусмалаар шүршиж ариутгажээ. Эрдэмтэд коронавирус ийм төрлийн уусмалд тэсвэргүй гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.