СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-10-26

Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас “гаргасан” мөнгө угаах гэмт хэргүүд

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага (ФАТФ)-ын “Саарал жагсаалт”-аас гарахад манай улсын хууль сахиулах, хэрэгжүүлэх байгууллагууд тэр дундаа Мөрдөн шалгах эрх бүхий ТЕГ, АТГ, ЦЕГ-ынхан олон улс дамнасан, мөнгө угаах төрлийн томоохон гэмт хэргүүдийг мөрдөн шалгаж, шүүхээр шийдвэрлүүлсэн нь хамгийн том нөлөө үзүүлжээ. Өөрөөр хэлбэл, манай улсын эрх бүхий мөрдөх байгууллагууд гадаад, дотоодын бохир мөнгөний урсгалтай тэмцэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах чадавхтай, хүчин чармайлт гаргасан гэдгийг баталгаажууллаа.

Тухайлбал, Нигерийн иргэний оролцсон залилан мэхэлж олсон мөнгөө БНХАУ руу шилжүүлж угаасан, өмнөд хөршийн 800 гаруй иргэнийг удирдан зохион байгуулж, залилан мэхлэх гэмт хэргийн бүлэглэл байгуулан Монгол Улсад мөнгө угаасан хятадуудын толгойлогч нар, “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулахдаа Засгийн газрын өндөр албан тушаалтнууд мэдээлэлд ойр эрх мэдлээ урвуулан ашиглаж олсон мөнгөө угаасан, “Салхитын мөнгөний орд”-ын тусгай зөвшөөрлийг булаацалдсан гадаадын иргэд өөрсдийн талд ашигтай шийдвэрлүүлэхийн шүүгч, өмгөөлөгч нарт хахууль өгсөн, уг лицензийг эзэмшихийн тулд мөнгө угааж олсон байж болзошгүй маш их хэмжээний (1.6 сая ам.доллар) валют хадгалж байсан, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв гадаадын иргэдтэй нийлж, өөрийн хамаарал бүхий банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан Хөгжлийн банкны мөнгийг угаасан гэх үйлдлүүдийг хэрхэн шийдвэрлэхийг нэлээд нухацтай ажигласан байна.

ФАТФ-аар тогтохгүй, Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагын анхаарлыг татаж байсан, тагнуул, АТГ, цагдаагийнхны мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхээр шийдвэрлэсэн томоохон хэргүүдийн талаар дор товч мэдээлье.

  1. Монгол Улсын Засгийн газрын албан тушаалтнууд 2016 онд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагад давуу байдал олгон, тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзаж, “Монголиан коппер корпорэйшн” (Монголын зэс корпорац) ХХК-д “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” ХХК-ийн ОХУ-ын “Ростех” корпорацын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах эрхийг хууль бусаар шилжүүлж, Монгол Улсад 9.6 их наяд төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг нэлээд их анхаарлыг нь татсан аж. Үүнтэй холбоотойгоор Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд байсан Б.Болор зэрэг хэд хэдэн албан тушаалтанд анхан шатны шүүхээс ял оноогоод буй. Мөн Худалдаа хөгжлийн банкны удирдах албан тушаалтнуудад холбогдох хэргийг удахгүй шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж байгаа юм билээ.
  1. Удаах нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярыг уг албан тушаалыг хашиж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2009 оны аравдугаар сарын 6-ны “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох “Оюутолгой” төслийн хүрээнд “Айвенхоу майнз Монголия инк”, “Айвенхоу майнз лимитед”, “Рио Тинто интернэшнл холдингс лимитед” компанитай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүддээ олгож, мөн эх орондоо ашиг муутай, өндөр хохиролтой хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн гэх үндэслэлээр таван жилийн хорих ял оноогоод буй билээ. Түүнтэй хамт “НИК” компанийн хувьцаа эзэмшигч Ч.Даваанямыг буруутгасан. Гол үндэслэл нь мөнгө угаахтай холбоотой байв.Ч.Даваанямыг Ерөнхий сайд асан С.Баярын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэх үндэслэлээр хоёр жил хорих ял оноосон билээ.
  1. УИХ-ын болон Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга зэрэг албан тушаал хашиж байсан С.Баярцогтыг Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогч байхдаа эрх мэдлээ урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглан Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэм буруутай гэж шүүх үзэж, өнгөрсөн долдугаар сард 10 жил хорих ял шийтгэсэн. Түүнтэй хамт Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, тус газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадрал нарыг албан тушаалын байдлаа урвуулан Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нартай бүлэглэн 406.5 тэрбум төгрөгийн татварыг аваагүй үйлдэлд ял оноосон билээ.
  1. Монгол Улсын төдийгүй Ази, Европын олон орны хууль сахиулах байгууллагынхны анхаарлыг татаж байсан, БНХАУ-ын 800 гаруй иргэнийг Монгол Улсад нэвтрүүлэн гэмт бүлэглэл байгуулж, залилах хэрэг үйлдсэнийг манай ЦЕГ, ТЕГ хамтран үйл ажиллагааг нь таслан зогсоосныг уншигчид санаж буй. Тэдний гол толгойлогч болох БНХАУ-ын харьяат 20-иод хүн бүлэглэн 2019 оны аравдугаар сард дээрх 800 гаруй иргэнийг манай улсад нэвтрүүлж, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт байрлах зочид буудлуудад байрлуулан Монгол Улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-ын цахим сүлжээнд хандаж, бусдыг залилж их хэмжээний хохирол учруулан, хууль бусаар олсон хөрөнгөө угаасан билээ. Тэднийг саатуулах явцдаа манай хууль сахиулагчид бэлнээр 1.5 тэрбум төгрөг, долоон автомашин, 12 000 гар утас, 1000 гаруй компьютер хураан авч, гол зохион байгуулагч байж болзошгүй 25 хүнийг тухайн үед цагдан хорьсон юм. Цагдаа, тагнуулын байгууллагынхан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, БНХАУ-ын хоёр бүлгийн гишүүдийн хэргийг шүүхэд шилжүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэр бүхий 14 иргэнд 9-12 жил хорих ял оноож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дээрх эд зүйлсийг улсын орлого болгохоор шийдвэрлээд буй. Харин нөгөө бүлгийнхний хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товлосон ч шүүх хурал хойшлогдоод байгаа юм.
  1. Холбооны Бүгд Найрамдах Нигер Улсын иргэн Эжикэмэ Чимэзиэ Жон (Ejikeme Chimizie John), эхнэр Б.Хулан болон Монголд ирээд танилцсан Д.Ганболд, Т.Анхбаяр нартай хамтран бизнес эрхлэх нэрээр 2018 оны зургадугаар сараас эхлэн Энэтхэг, Турк, Итали, Гренланд, АНУ зэрэг гадаадын таван улсын зургаан компаний цахим хаягийг хакердаж, гадаадын улсын төлбөр хүлээн авах компанитай ижил нэртэй 16 аж ахуйн нэгж Монгол Улсад байгуулж, 6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют Монгол Улс руу шилжүүлэн авч мөнгө угаасан хэргийг манай хууль сахиулагчид илрүүлсэн билээ. Анхан шатны шүүхээс Нигер Улсын иргэн Эжикэмэ Чимэзиэ Жонд 10, Монгол Улсын иргэн Б.Хуланд ес, Д.Ганболдод найм, Т.Анхбаярт зургаан жил хорих ял оноож, шүүгдэгч нараас 1.4 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө хураан хохирогч нарт болгохоор шийдвэрлэсэн юм. Харин Улсын дээд шүүх уг хэргийг хянаад тэдний залилан мэхэлсэн үйлдлийг нь хөнгөрүүлэн зүйлчилж, Эжикэмэ Чимэзиэ Жоныг найм, Б.Хуланг долоо, Д.Ганболдыг зургаа, Т.Анхбаярыг дөрвөн жил хорихоор эцэслэн шийдвэрлэсэн билээ.
  1. “Салхитын мөнгөний орд”-ын гэх олны анхаарал татсан дуулиант хэрэгт холбогдсон Монгол Улсын иргэн Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нар өөрсдийн үүсгэн байгуулсан “Жи Пи Эф” компанийг 2012 оны долдугаар 27-нд “Си Си Эм Икс” ХХК-д 100 хувь шилжүүлэхдээ компанийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулж, зохиомол байдал зориудаар бий болгосон. “Жи Пи Эф” ХХК-ийг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Аминбилигт” компанид 1.5 сая ам.доллараар худалдаж, бусдыг залилан мэхэлсэн, их хэмжээний мөнгө угаасан дээрх хоёр хүний үйлдэлд нэр бүхий цагдаагийн офицер, өмгөөлөгчид болон хэрэгт хамааралтай нэр бүхий шүүгч нарт гурван шатны шүүхээс ял оноогоод байгаа билээ. Мөн гэмт хэрэг үйлдэх гол үндэслэл болсон үндэслэн Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасныг үндэслэн төрийн мэдэлд авахаар шийдвэрлэсэн юм.
  1. “Капитал” банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтнууд болох А.Ариунболд тэргүүтэй хүмүүс банкны харилцах болон хадгаламжийн дансанд иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагуудын байршуулсан мөнгөн хөрөнгийг хууль бусаар ашиглан шунахай болон хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа хараахан дуусаагүй ч ФАТФ-ын үнэлгээчид анхаарлаа хандуулсан гол хэргүүдийн нэг болжээ.
  1. Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэв “ДЦС-3” ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мегаваттаар өргөтгөх төсөлд оруулсан “Чингис” бондын 35 сая ам.долларын хөрөнгөөс БНХАУ-ын “Hunan industrial equipment installation” гэх компанид сүүлийн санхүүжилт болгож долоон сая ам.доллар шилжүүлж, БНХАУ-аас өөрийнхөө үүсгэн байгуулсан “Фин сервис” банк бус санхүүгийн байгууллагын дансаар буцаан нэг сая ам.долларыг нь авсан гэх хэргийг АТГ, ЦЕГ-аас шалгасан билээ. Тэрбээр уг мөнгөө Сүхбаатар дүүргийн XIX дүгээр хороонд тансаг зэрэглэлийн хаус хотхон барихад зарцуулсан нь ч батлагдсан юм. Дээрх хэргийг нэг удаа хаасныг хэвлэлийнхэн олон нийтийн анхааралд хүргэснээр буцаан сэргээсэн бөгөөд хууль бусаар олсон мөнгөөр барьсан их хэмжээний хөрөнгийг битүүмжилсэн аж.
  1. Нэгэн цагт УИХ-ын гишүүн, сайдын албан тушаал хашиж байсан, “Эрэл” группийг үүсгэн байгуулагч, “Дэм” санхүүгийн нэгдлийн тэргүүн Б.Эрдэнэбатыг мөн хууль сахиулах байгууллагад шалгаад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс долоон жил хорих ял ногдуулаад байна. Тэрбээр “Номин холдинг” компанийн захирал Ш.Баярсайхантай үүсгэн байгуулсан “Ариг” банк, “Байшин үйлдвэрлэх компинат-1” үйлдвэр зэрэгт хөрөнгө оруулж хувьцаа эзэмшигч болгоод оруулсан хөрөнгийг нь 1.59 хувийн хүүтэй буцаан олгох гэрээ байгуулсан аж. Гэвч энэ үүргээ Б.Эрдэнэбат биелүүлээгүйгээс үүдэн бусдаас 20 тэрбум төгрөг залилж авсан, мөнгө угаасан гэж гомдол гаргаснаар хууль сахиулах байгууллагынхан шалгаж, шүүхээс Б.Эрдэнэбатыг залилах гэмт хэргийг “Хуурч, зохиомол байдал зориудаар бий болгож, бусдад их хэмжээний хохирол” учруулсан, “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж мөнгө угаах үйлдэл байнга тогтвортой үйлдсэн” гэм буруутайд тооцон дээрх ялыг оноосон юм. Улмаар Б.Эрдэнэбатаас 6 тэрбум гаруй төгрөг гаргуулж хохирогч “Номин холдинг”-ийн тэргүүн Ш.Баярсайханд олгохоор болсон билээ.

Энэ мэтээр үндэстэн дамнан үйлдэгдсэн мөнгө угаах гэмт хэрэгтэй мөрдөн шалгах чиг үүрэг хэрэгжүүлдэг манай хууль сахиулах байгууллагынхны хийсэн тэмцэл үр дүнд хүрч, гадаад, дотоодын байгууллагуудын , тэр дундаа Дэлхийн банк, ФАТФ, Олон улсын валютын сангийнхны анхааралд байсан олон хэргийг шалгаж шийдвэрлэснийг олон улсын байгууллагууд онцолж байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.