АНУ-ын сансар агаар судлалын "NASA" агентлаг Финландын "Nokia" компанийг Саран дээрх анхны үүрэн холбооны сүлжээг байгуулах компаниар сонгожээ.
"Nokia" компани Сарны гадаргуу дээр "Маш бага оврын, цахилгаан эрчим хүч бага хэрэглэдэг, сансрын орон зайд тэсвэртэй" 4G утасгүй сүлжээг суурилуулахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү төсөл нь "NASA" агентлагийн 2030 он гэхэд Саран дээр хүний урт удаан хугацааны оршин тогтнолыг бий болгох төлөвлөгөөний нэг хэсэг юм.
"NASA" агентлаг "Nokia" компанийн АНУ дахь охин компанитай 14.1 сая ам.долларын гэрээ байгуулсан бөгөөд тус компани 2022 оны сүүл гэхэд сүлжээний тоног төхөөрөмжөө Сарны гадаргуу дээр алсаас суурилуулах гэнэ. Харин "NASA" агентлаг "Artemis" хөтөлбөрийнхөө хүрээнд 2024 он гэхэд анхны эмэгтэй болон дараагийн эрэгтэйг Сар руу илгээх зорилготой ажиллаж байгаа аж.
Саран дээрх 4G утасгүй технологи нь "Удирдлагын чухал үүрэг гүйцэтгэж, Сарны роверуудыг алсаас удирдан, бодит цагийн навигаци хийхээс гадна өндөр нарийвчлалтай дүрс бичлэг дамжуулах боломжийг олгоно" хэмээн "Nokia" компанийн зүгээс мэдэгджээ. Түүнчлэн уг 4G төхөөрөмжийг ирээдүйд шинэ үеийн хурдны 5G сүлжээ болгон шинэчлэх боломжтой гэдгийг тус харилцаа холбооны компаниас онцолсон байна.
Эх сурвалж: The Guardian, Japan Today
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.