“Ebarimt” аппликейшн ашиглан импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой болсон талаар Гааль, татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төв, ШӨХТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монгол Улсад 935 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 735 мянга нь хөдөлгөөнд оролцож байна. Үүний 76 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай аж.
Иргэд худалдан авах гэж буй машинаа аль улсаас орж ирсэн, осолд орж байсан эсэх түүхийг тухайн машины арлын дугаарыг Ebarimt-д оруулснаар мэдээллийг харах боломжтой боллоо.
Иргэд 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш манай улсад орж ирсэн машины мэдээллийг системээс үзэж болно. Энэ мэдээллийг нээлттэй болгосноор тухайн машин өмнө нь эвдрэлд орж байсан, хэдэн км явсан эсэх нь харагдах юм.
Монголд орж ирж буй машины 70 гаруй хувь нь Япон Улсаас орж ирсэн байдаг.
Ихэвчлэн осолд орсон автомашинуудыг хилээр оруулж ирж засаад Монголд шинэ машин мэт худалдаалдаг. Иргэд дээрх мэдээллийг нээлттэй хүлээн авснаар худалдан авалт хийхдээ анхаарах юм.
2019 оны статистикаар Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 934,142 тээврийн хэрэгсэл байна. Үүнээс 2019 оны байдлаар импортоор орж ирсэн нийт тээврийн хэрэгсэл 69,472 байгаагаас суудлын автомашин 43.9%-ийг эзэлж байна. Импортоор орж ирж буй суудлын автомашиныг 2018 онтой харьцуулахад 8.4%-аар, 2017 онтой харьцуулахад 42%-аар өсжээ.
"EBARIMT" аппликейшныг ашиглан тухайн тээврийн хэрэгслийн мэдээллийг авах зааврыг хүргэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.