СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ш.Батхүү, Г.Алтан нарт холбогдох шүүх хуралдаан 10 дахь өдрөө үргэлжилнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Энэ сарын 5-ны даваа гаргаас эхлэн хэлэлцсэн уг шүүх хурал эхний өдрүүдэд шүүгдэгч нарын мэдүүлэг, прокурорын яллах дүгнэлтийг уншиж сонсгох зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг хийсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн нотлох баримт шинжлэн судлах явц нэлээд олон хоног үргэлжилж өнгөрөгч баасан гарагт дуусгасан юм.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өмгөөлөгч нар цагаатгах, прокурорууд болон хохирогч Төрийн банкны төлөөлөл зэрэг хүмүүс дээрх шүүгдэгч нарыг яллах нотлох баримтууд шүүх хурлын явцад хэлэлцүүлэх саналаа хэлэхийн тулд бүтэн нэг цаг зарцуулсан байна. Зөвхөн хавтаст хэрэгт байгаа хуудсуудын дугаарыг хэлэхийн тулд бүтэн нэг цаг зарцуулсан гэж тооцохоор нотлох баримт шинжлэх ажиллагаа олон хоног үргэлжлэх нь аргагүй.

Хэргийг сануулахад, “Жаст групп”-ийн захирал Ш.Батхүү нар хуурамч бичиг баримт үйлдэн “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 110 сая доллар авсан байдаг. 

Прокурорын байгууллагаас Ш.Батхүүг тухайн үеийн “Хадгаламж банк” (одоогийн Төрийн банк)-ийг зээлийн батлан даагчаар оролцуулах баримт бичиг хуурамчаар үйлдсэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх бүхий албан тушаалтнууд болох Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Ч.Ганзориг нартай үгсэн тохиролцож, бүлэглэн “Стандарт” банкнаас хуурамч материал бүрдүүлж зээл авч, тус үйлдвэрт хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.12-1-д заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан”,“Жаст групп” компаниас “Хадгаламж” банктай Төлбөрийн баталгаа, Банкны баталгааны гэрээ байгуулсан гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 23.2-1, 23.2-2 дахь хэсэгт заасан хуурамч бичиг баримт гаргасан, Эдуард Сүрэнгийн нэхэмжлэлээр Ш.Батхүү нь “Олон овоот гоулд” ХХК-ийн зээлийн төлбөрт “Хадгаламж” банкнаас төлбөр гаргуулж, тус банкийг хохироосон үйлдэлд дээрх хуулийн 21.1-1 дэх хэсгийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн,“Мах Маркет”, “Жаст ойл”, “Олон овоот гоулд” ХХК-ийн хувьцаа болон “Жаст групп”-ийн өмчлөлийн 12 орон сууц, үл хөдлөх хөрөнгийг бэлэглэл болон худалдах гэрээгээр дамжуулан шилжүүлж, үнэгүйдүүлэн мөнгө угаасан үндэслэлээр эл хуулийн 18.6-2.2 дугаар зүйлд зааснаар буруутган яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлсэн билээ.

Харин Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнг ээжтэйгээ болон Ш.Батхүүтэй үгсэн тохиролцож, бүлэглэн “Хадгаламж” банкийг Зээлийн батлан даагчаар оролцуулж зээлийн төлбөрийг төлүүлэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 17.3-3.3 зүйлд зааснаар залилах гэмт хэргийг зохион байгуулалттайгаар байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэж буруутгаж шүүхээр гэм буруутай, эсэхийг нь хэлэлцүүлж байгаа юм.

Өнөдөөр прокурор яллах саналаа, өмгөөлөгч нар шүүмжээ тус бүр хоёр удаа хэлж, дараа нь шүүгдэгч нар үг хэлснээр завсарлах ёстой. Гэхдээ өнөөдөртөө багтаж шүүх хуралдаан дуусахгүй гэх таамаг байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.