Тайланд улсын нийслэл Бангкок хотод жагсагчид хааны гэр бүлийн эрх мэдлийг хязгаарлах, Ерөнхий сайд Прают Чан Очаг огцрохыг шаардан эсэргүүцэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд жагсаал илүү өргөн хүрээг хамарч, энэ долоо хоногт эрх баригчид онц байдал зарлан олон хүн нэг дор цуглахыг хориглолоо.
Орон нутгийн телевизийн сувгаар хийсэн мэдэгдэлд цагдаагийн байгууллагын төлөөлөгчид Бангкок хотод хууль бус олон нийтийн цугларалтыг хориглож байна хэмээн мэдэгджээ. Нийслэл хотод нэн даруй амар тайван байдлыг тогтоож, дүрэм журмыг баримтлах шаардлагатай болсон гэлээ.
Жагсагчид үймээн самууныг өдөөж, олон нийтийн дунд эмх замбараагүй байдал үүсгэж байна хэмээн анхааруулжээ. Уг мэдэгдлийн дараа жагсагчид лхагва гарагт хааны машины цувааг сөргөж зогссон байна. Тэднийг цагдаа нар холдуулж, цуваанд байсан хатны замыг чөлөөлжээ.
Орон нутгийн цагаар пүрэв гарагийн шөнө 04:00 цагаас хэрэгжиж эхэлсэн онцгой байдлын тогтоолын дагуу дөрвөөс дээш хүн нэг дор цуглах хориотой ба хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж эхэлсэн байна. Олон нийтийн мэдээллийн суваг, хэвлэлүүд үндэсний аюулгүй байдалтай холбоотой хуурамч, өдөөн хатгасан мэдээ мэдээлэл тархаахгүй байх ёстой гэжээ.
Мөн тодорхой заасан газруудад иргэдийг оруулахгүй байхыг эрх баригчид тогтоолд тусгасан байна. Өнөөдөр өглөө Тайландын Ерөнхий сайд Прают Чан Очагийн албан газрын гадаа цугласан жагсагчдыг хэв журам сахиулах цагдаа нар тараасан байна. Хот даяар гудамжуудад олон зуун цагдаа эргүүл, хамгаалалтад гарсан ба жагсаалыг удирдаж байсан гурван хүнийг баривчлан саатуулсан гэж мэдээлжээ.
Өнгөрсөн амралтын өдөр болсон жагсаалд 18,000 орчим хүн нэгдсэн гэж албаны эх сурвалж мэдээлж байгаа ч албан бус эх сурвалжууд үүнээс өндөр тоо хэлсэн. Тайландад эзэн хаан хэмжээлшгүй эрх мэдэлтэй тул энэ асуудал тун эмзэг сэдэв төдийгүй сүүлийн үеийн залуус энэ тогтолцоог халах хүсэлтэй байгаа юм.
Жагсагчид гарын гурван хуруугаа өөрсдийн бэлгэ тэмдэг болгон дээш өргөж хүчээ нэгтгэхийг илэрхийлэн уриалж байна. Тус улсад улс төрийн тогтворгүй байдал, түүнийг эсэргүүцсэн жагсаал цуглаан урт хугацааны түүхтэй. Гэхдээ одоо явагдаж байгаа жагсаал энэ жилийн хоёрдугаар сараас эхлэлээ тавьсан гэж судлаачид харж байна. Хоёрдугаар сард Тайландын шүүхээс ардчиллыг дэмжигч сөрөг хүчний намыг тараан бутаргах шийдвэр гаргаснаар эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсэн. Ирээдүйн төлөө нам нь ихэвчлэн залуусаас бүрдсэн бөгөөд анх удаагийн сонгуулиараа гурван хүчтэй намтай зэрэгцэн Парламентад суудал эзэлж чадсан шинэ залуу төдийгүй хүчирхэг нам гарч ирсэн.
Үүнээс хойш зургадугаар сард олонд танигдсан ардчиллыг дэмжигч тэмцэгч Ванчалеарм Сатсаксит Камбож улсад сураггүй алга болсны дараа жагсаал цуглаан дахин эрчээ авсан. Уг тэмцэгч 2014 онд болсон цэргийн эргэлтээс хойш цөллөгт байсан юм. Сатсакситын байршил тодорхойгүй бөгөөд жагсагчид Тайландын эрх баригчид түүнийг хулгайлсан хэмээн буруутгажээ. Энэ оны долдугаар сараас хойш оюутнууд гудамжны жагсаалыг удирдаж эхэлсэн байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.