СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НОЦТОЙ: Ашиглалтад орсон хөлбөмбөгийн талбайг дахин тэгшилнэ хэмээн төсвийн 793.8 сая төгрөгийг зарцуулсан уу

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) санхүүжилтээр ХУД-ийн наймдугаар хороо, яармагт баригдсан хөлбөмбөгийн талбайн нээлт 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр сүр дуулиантай болж байв.  

Уг талбайн нээлтэд Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жионни Инфантино өөрийн биеэр ирж оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар нар түүнтэй зэрэгцэн зогсоод тууз хайчилж байсныг гэрчлэх олон зураг бичлэг байдаг.

 

Энэ талаарх мэдээллийг та бүхэн ОУХБХ-ны албан ёсны цахим хуудаснаас унших ч боломжтой.

Гэтэл “Олон улсын хөлбөмбөгийн холбооны “FIFA Forward 1.0” буюу хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих төслийн хүрээнд баригдаж ашиглалтад орсон 115м х 85м хэмжээтэй уг талбайн газрыг тэгшлэх нэрээр улсын төсвөөс 2020 онд 791,814,795.0 (долоон зуун ерэн нэгэн сая найман зуун арван дөрвөн мянга долоон зуун ерэн таван) төгрөгийг авчихлаа.

Нэгэнт ашиглалтад орчихсон талбайг дахин тэгшилнэ хэмээн улсын төсвөөс ийм их мөнгийг яагаад авсныг тодруулж өгөөч” гэдэг хүсэлт манай редакцид ирсэн юм.

Уг мэдээллийн дагуу “Улаанбаатар спорт менежмент” НӨҮГ-ын шилэн дансыг шүүрдэж үзэхэд "Азийн хүүхдүүд" 2020 олон улсын спортын наадмын хөл бөмбөгийн талбай тэгшлэх/ хан-уул дүүрэг, 8 дугаар хороо/ ажлыг гүйцэтгэх гэрээ №БЗ/19-02” гэх гүйлгээний утгатай, 791,814,795 төгрөгийг “Даблью экс пи” ХХК-д олгосон” байгааг та бүхэн харж байна.

Ингээд уг мэдээллийг тодруулахаар Баянгол зочид буудлын чанх урд байрлах NCP (new century plaza) гэх шилэн байшингийн 3 давхарт байрлах “Улаанбаатар спорт менежмент” НӨҮГ-т очиход тус байгууллагын захирал Б.Тамир ажил дээрээ байсангүй.

Батнямын Тамир, Улаанбаатар спорт менежмент ТӨҮГ-ын захирал

Улмаар түүний гар утас руу залгасан боловч холбогдсонгүй. Иймд тус байгууллагын нягтлан Д.Оюун-Эрдэнэ уулзаж “ОУХБХ-ны санхүүжилтээр баригдаж, өнгөрсөн жил ашиглалтад орсон талбайн газар шороог нь тэгшилнэ хэмээн танай байгууллага төсвөөс 791.8 сая төгрөгийн татаас авч зарцуулсан байна.

 Энэ ямар учиртай болохыг хэлж өгөөч хэмээн хүсэхэд манай байгууллага бол нийслэлийн өмчит үйлдвэрийн газар. Манай байгууллагын нэр дээр бүртгэлтэй 8 га газар ХУД-ийн 8-р хороонд байдаг. Одоо тус газар дээр "Азийн хүүхдүүд" 2020 олон улсын спортын наадмыг угтсан бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа. Таны асууж буй хөлбөмбөгийн талбайн хувьд өнгөрсөн жил ашиглалтад орсон нь үнэн. Гэхдээ уг талбайг барих газрыг тэгшлэх ажлыг өнгөрсөн жил бид өөрийн хөрөнгөөр хийгээд гүйцэтгэлээр нь санхүүжилтыг энэ жил олгосон. Бид тус талбайг барихад шаардлагатай санхүүжилтыг гаргасны хувьд тухайн талбайн тодорхой хувийг ч гэсэн эзэмшинэ” гэх тайлбарыг өглөө.

Яармагийн хөлбөмбөгийн талбайг тэгшлэх тендерт шалгарсан гэх “Даблью экс пи” ХХК-ийг улсын нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзэхэд “Энхтүвшингийн Жавзандулам” гэх ганц л эзэмшигтэй, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэсэн бүртгэлтэй атлаа “9.6 тэрбумын өртөгтэй Орхон-Хишиг-Өндөр сум чиглэлийн хатуу хучилттай авто замын эхлэл”, 8.9 тэрбумын төсөвтэй Өмнөговь аймгийн Ноён сумаас Сухайт хүртэлх сайжруулсан шороон зам, 20 км”, “20.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаас Мандал сум хүртэлх авто замтай холбох хатуу хучилттай авто зам” гэх мэт томоохон тендерүүдэд оролцдог компани болох нь харагдав.

Тэгсэн атлаа тус компани “хөлбөмбөгийн талбайг тэгшлэх тендерт оролцсон, шалгарсан” гэх ганц ч мэдээлэл байхгүй нь анхаарал татаж байна.

Бид уг асуудлыг бүх талын эх сурвалжаас тодруулан үргэлжлүүлэн мэдээлэх болно.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Мунзуй
4 жилийн өмнө
66.181.179.128

монглын хөл бөмбөгийн холбоо+женко-шинэ яармаг төсөл 2рт их учир бий.хөл бөмбөгийн холбооны нарийн бичиг Шижир одоо женко ийн тамгын дарга хийж байгаа.хөл бөмбөгийн холбоо гэдэггадаадын мөнгө угаадаг газрыг шалгах цаг нь болсон мэт.

Зочин
4 жилийн өмнө
202.170.66.18

Энэ нэг лалрын холбоо байнга л муу муухай юмтай нэр холбогдож байхымаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.