БЗД-ийн МАН-ын XIV хорооны дарга, “Таван толгой түлш” ХХК-ний Үйлдвэрлэлийн албаны дарга М.Болдбаярыг LIVE TALK булангийн энэ удаагийн зочноор урьлаа
-Монголчууд хүний удам угсааг их чухалчилдаг. Удам сайт хүний үр, сүү сайтай гүүний унага гэдэг хүртэл хэлц үг байдаг шүү дээ. Тиймээс юуны өмнө таны удам угсааг асуумаар байна?
-Намайг Мягмарсүрэнгийн Болдбаяр гэдэг. Аав ээжээсээ дөрвүүлээ. Аав, ээж минь хотод танилцаж гэр бүл болсон гэдэг. Аавыг маань Буян-Очир, ээжийг Мягмарсүрэн гэдэг. Аав маань хуучнаар ЗХУ-д инженер техникийн их сургуулийг механик инженерийн мэргэжлээр төгссөн. Харин ээж минь насаараа Нэгдүгээрт эмнэлэгт тогооч хийсэн хүн дээ. Хүн хооллох ажил сайхан гэж ярьдаг юм. Ээжийн минь талд Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, Монгол Улсын баатар Сангийн Дампил гэж хүн байсан. Мөн Жамъян гэж бас Хөдөлмөрийн баатар хүн малчин хүн байсан. Удмаараа их тэмцэгч, бас хөдөлмөрч хүмүүс гэдгээрээ бахархдаг.
-Баатруудын удам угсаа гэж ойлголоо. Өөрийнхөө хүүхэд насны тухай яриач?
-Би нийслэлийн 33-р дунд сургуулийг төгссөн. Бага байхдаа онгоцны нисгэгч эсвэл цэргийн командлагч болно гэж боддог байлаа. Баянзүрх дүүргийн Сансар хороолол бол миний хүүхэд насаа өнгөрөөсөн газар. Хүүхэд байхдаа хичээл, урлаг, спортдоо сайн байсан. Дунд ангиасаа шатар тоглож сураад сонирхож эхэлсэн. Манай өвөөгийн дүү Самбуу Хөдөлмөрийн улаан тугийн гавъяаны одонтой хүн надад анх шатар зааж өгсөн юм. Эхлээд өөрийг нь хожоод би ч дийлдэхээ байсан даа. (инээв) Аавыгаа хожно, ангийнхан, багш нараа хождог болсон шүү.
-Дунд сургуулиа төгсөөд нөгөө мөрөөдлөө биелүүлж чадав уу?
-Юун онгоцны нисгэгч, цэргийн дарга болох манатай. Тэр үед цаг үеийн бужигнаан жигдрээгүй л байсан үе. Ганзагын наймаа ид цэцэглэж байсан үе шүү дээ. Аав ээж хоёр маань бас л бусдын адил амьдрал ахуйгаа өөд нь татах гээд өр зээл тавьчихсан. Аав ээждээ төвөг нэмэхгүй бас нэмэр болъё гэж бодсон. Харин дараа жил нь ШУТИС-ийн геологийн ангид элсэн орж сурсан.
БИ ОЮУТОЛГОЙД ДӨРВӨН ЖИЛ АЖИЛЛАСАН
- Та тэгэхээр геологич гэсэн үг үү?
-Гурав дахь жил дээрээ сурч байтал Оюутолгойд ажилд орох боломж гарсныг шүүрсэн шүү. Оюутолгой төсөл дөнгөж эхэлж байсан үе хүн бүхэн л тэнд ажиллах хүсэлтэй байсан юм чинь. Оюутолгойн геологийн техникчээр 2004 онд ажилд ороод сарын 350 долларын цалинтай ажилтан боллоо. Тухайн үед Монголын сор болсон Гарамжав тэргүүтэй геологич нартай хамт ажиллаж байлаа. Энэ ажил, мэргэжилд би дуртай. Сайн ажиллаад англи хэл хурдан сураад намайг авч үлдмээр байна гэдэг саналыг удирдлагууд гаргасан байсан. Намайг тэгж ажиллаж байхад төсөл 22 өрөмтэй болсон байсан үе.
-Оюутолгой гэх том төслийн анхдагчуудын нэг юм уу та?
-Тэгж хэлж болох байх. Би Оюутолгойд дөрвөн жил ажилласан. Ингээд 2004 оны 4-р сард 150 метр өрөмдлөг хийж маш өндөр эрдэстэй дээж гарч ирсэн. Анх намайг очиход 5 өрөм, хэдхэн гэртэй байсан бол 150 гэртэй өрмийн кэмп бий болж, маш том хайгуулын ажил эхэлсэн дээ. Одоогийн үзмэрт байгаа анхны дээжүүдэд миний гар хүрээгүй чулуу гэж байхгүй. Оюутолгой ордын нөөцийг Эйффелийн цамхагтай харьцуулсан зураг байдаг шүү дээ. Тэр зургийг гаргах датаг бэлтгэсэн. Нөөцийн тооцоо судалгааг тооцож гаргадаг гэсэн үг.
-Оюутолгойд ажиллаж байгаад гадаадад уригдаад явчихсан билүү?
-Айвэнхоу Майнз, Австралид Осборн гэдэг маш том уурхайг худалдаж авсан. Авсрали дахь тэр уурхайд ажиллах чадварлаг хүмүүс хэрэгтэй байна гээд ажиллах санал тавьсан. Тэр мэргэжлээр манайд мэргэшсэн гурван хүний нэг нь би байж таарсан л даа.
-Дуртайяа зөвшөөрсөн үү?
-Яг ч тийм биш.
-Яагаад?
-Надад гадагшаа явах сонирхол байгаагүй. Монголдаа ажиллах сонирхолтой байсан. Оюутолгойг ирээдүйд Эрдэнэтээс 3-4 дахин том хот байгуулагдана, Монголыг тэжээх эдийн засгийн эргэлттэй уурхай болно гэсэн бодолтой…
БИ АВСТРАЛИД ОЧООД ЗӨВЛӨХ АЖЛЫНХАА ХАЖУУГААР МЭРГЭЖЛИЙН АЖЛАА ХИЙСЭН
- Гэхдээ уул уурхайн арвин туршлагатай Австралиас сурах зүйлс их шүү дээ..?
-Австралид зөвлөх багийн гишүүнээр очоод зөвлөх ажлынхаа хажуугаар мэргэжлийн ажлаа хийсэн. Овоо ажиллаад гурван сарын дараа ажлынхантай сууж байтал нэг настай геологич “Чи Австралид монгол зангаараа ажиллаж болохгүй” гэж хэлсэн.
- Яаж байгаа юм бол?
-Яагаад гэдгийг нь асуутал эрүүл мэнд, цалин хөлс, эдийн засагт оруулах хөрөнгө, цаашлаад тодорхой хугацаанд хийгдэнэ гэж төлөвлөсөн ажлыг богино хугацаанд хийх нь улсдаа хохиролтой гэсэн утгатай юм хэлсэн. Гадны хөрөнгө оруулалтыг ашиглаж байгаад учир байгаа юм.
-Харин ч зөв санаа юм биш үү?
-Хэрэв Австралид Оюутолгой шиг том орд газар илэрсэн бол хайгуулын ажлыг 20 жил хийнэ. Бүх нөөц, бүх эд баялгаа тодорхой болгож илрүүлээд үүнийгээ яаж үр ашигтай зохион байгуулалттай хийвэл зөв бэ гэдгийг судалж хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байж эхэлнэ. Гадны жишгийг харж тооцоо судалгаа хийх гэх мэт томоохон уурхайн баримталж байгаа зарчим, зохион байгуулалт, улсдаа хэрхэн үр ашигтайгаар ашиглах вэ гэдгийг тодорхойлох ёстой. Мөн гадаадын компаниудтай тогтвортой байдлын гэрээ байгуулдаг.
-Тийм шүү. Юу юугүй ухаад тооцоо судалгаагүй мөнгийг эдийн засагт шахаад оруулчихаар нэг хэсэг халгиж цалгиад үрэн таран болсон шүү дээ...?
-Жишээ нь зөвхөн хайгуулынх нь ажлыг 20 жилийн хугацаанд хийдэг нь энэ хугацаанд олон хүн орлоготой, ажилтай болж ингэснээр улс ашгаа хүртэж л байдаг. Харин тэр геологич “Та нар тэнэг болохоор дөрөвхөн жилийн дотор чам шиг мал шиг ажиллаад том ордыг богино хугацаанд нээж илрүүлсэн. Дараа нь улс төрчид олигархижсан бүлэглэл нь хадган дээрээ тавиад Роберт Фридландад бэлэглэчихсэн” гэж хэлсэн. Хэдхэн хүн ашиг хүртээд л бусдад бэлэглэчихсэн биз дээ, та нар бараг юм хүртэхгүй гэж хэлсэн.
- Та тэгээд яаж хүлээж авав?
-Надад л хэлсэн болохоос бид бас тусгаж авахаар л хатуу үг. Тооцоо судалгаа муутай, хууль эрхзүйн орчноо бүрэн бэлдээгүй ашиглаад эхэлсэн гэдэг нь нэг талаараа үнэн. Маш хөнгөн хуумгай хандсан гэж би боддог. Гэхдээ нөгөө талдаа манай улсын эдийн засаг хэцүү байсан. Валютын нөөцөө нэмэгдүүлэх, ард иргэдийн амьдрал ахуйг сайжруулах шаардлагатай байсан. Энэ хоёр хувилбараас болоод зарим боломжуудаа алдсан гэж боддог.
ГЭР БҮЛЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙЛГАХЫН ТӨЛӨӨ МАШ ИХ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ЁСТОЙ
-Австралид үлдэх, ажиллах, амьдрах боломж мэдээж танд байсан. Яагаад үлдээгүй вэ?
- Би Австралид 2007-2011 оны хооронд ажилласан. Тэнд үлдвэл том газрын нэг жижигхэн ажилтан л болно шүү дээ. Амиа бодвол мэдээж сайхан л амьдарчих байх. Харин эх оронд маань уул уурхай хөгжих гээд ажил ид оволзож байхад би яаж зүгээр хараад суух юм. Энэ том бүтээн байгуулалтад гар бие оролцъё, хувь нэмрээ оруулъя гэдэг бодлын үүднээс буцаад ирсэн. Уул уурхайн салбарын хөгжил ирээдүйд улсын эдийн засагт өндөр хувь нэмэр оруулахаар харагдсан.
- Эх орондоо буцаад ирэхэд ямар байв?
-Өндөр хөгжилтэй оронд хүн очоод соёлын шоконд ордог бол би эх орондоо ирээд шоконд орсон. Онгоцны буудал дээр аав ээж хоёр маань тосоход харц нь цаанаа л гунигтай, царай зүс нь гундуу ч юм шиг. Тэгээд эргэн тойрныхоо хүмүүсийг хартал бүгд тийм нэг л аз жаргалгүй, сэтгэл хангалуун биш. Манай нийгэм хүнээ аз жаргалгүй амьдруулж байгаа нь илт. Эхний уулзсан хүний ярианаас л мэдэгдэнэ. Ажиллаад хичээгээд байгаа ч амьдралд нь хүрэлцдэггүй.
- Монголчууд хүнээс дутахгүй байх гэж өөрсдийгөө их зовоодог юм биш үү. Заавал үнэтэй машин унаж, үнэтэй утас барьсан бол хүн шиг гэж тоох гээд байгаа юм шиг. Таны хувьд мөнгө хэрэглээг юу гэж боддог вэ?
- Байгаа боломж бас хэрэгтэй хэрэгцээндээ тааруулаад л амьдрахыг боддог. Би хүний хэрэгцээнээс илүү хэрэглээг ойлгодоггүй. Харин үр хүүхдээ сайн боловсрол эзэмшүүлэхэд анхаардаг. Мөнгө бол хэрэглээ. Хот дотор түгжрэлтэй үед аль болох байгальд ээлтэй, утаа бага ялгаруулдаг, бензин бага иддэг машин сонирхоно. Хот хооронд эсвэл хөдөө байнга явахад замын бартаанаас шалтгаалаад сонгоно. Би хувцсаа өөрөө сонгодог. Удаан эдэлгээтэй, цөөн байвал амар. Хэрэгцээндээ тохируулж хэрэглэх нь зөв. Илүү юм илүү л байдаг биз дээ.
-Гэр бүлийнхээ тухайд?
-Эхнэр, гурван хүүхэдтэй. Эхнэр маань Оюутолгойн хүний нөөцийн бодлого төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн хийдэг. Австралид сургууль төгссөн. Хоёр охин 9, 7 настай. Бага хүү маань 2 ойтой.
-Эхнэртэйгээ танилцсан гэрлэсэн гээд нандин дурсамжаа сөхвөл...?
-Оюутолгойд ажиллаж байхдаа анх эхнэртэйгээ танилцсан. Манай хүн их даруухан, дуу цөөтэй, айлын бага айлын ганц охин. Танилцаад ярилцаад явж байтал бага ярьдаг болохоор надад дуртай дургүй нь мэдэгдэхгүй, гэхдээ мессеж бичихээр нааштай байгаад байдаг. (инээв) Тэгэхээр нь дараа нь нэг арга хэмжээнд урьчихсан чинь манай хүн ув улаан хувцастай их чухалчилж ирсэн л дээ. Улаан гутал, өмд, цамц, цүнхтэй ирсэн. Тэр уулзалтад би найзуудтайгаа уулзана гэж бодоод тийм ч их ач холбогдол өгөөгүй, бараг ирэхгүй болов уу гэж бодож байсан юм.
-Гэтэл гоёод хүрээд ирсэн...?
- Тэгсэн. Тэгж байж л нэг юм талтайг нь мэдэхгүй юу. Дараа нь гэрлэх санал тавьсан чинь бас л за ч гээгүй, үгүй ч гээгүй. Тэгэхээр нь хуримын бөгж өгөөд “Миний эхнэр болох уу?” гээд тулгаж асууж байж л “Бололгүй яах вэ дээ” гэдэг үг сонслоо шүү дээ.
-Аав болох анхны мэдрэмж ямар байв?
- Өөрийгөө аав болж байгаа гэдэгт итгэж өгөхгүй эхнэрийнхээ гэдсэн дээр гараа тавиад хүүхэд хөдлөхөд нь сонин санагдаад л.
-Ямархуу аав бэ?
- Аав болсон цагаас хойш би маш их өөрчлөгдсөн. Ирээдүйд үлдэх үр хүүхдээ, гэр бүлээ аз жаргалтай байлгахын төлөө маш их өөрчлөлт хийх ёстой гэж бодоод улс төрийн акц хүртэл хийж, энэ нийгэм дэх болохгүй бүтэхгүй зүйлсийг өөрчлөх гэж, сайжруулах гэж гэртээ байхаасаа байхгүй нь их аав болсон доо.
Мөн хачин хүнээ. Аав болонгуутаа гэртээ шигдээд хүүхдээ эрхлүүлэх биш ирээдүйг нь засахаар гудамжинд жагсаж явдаг. Улс төрд аав болоод ороод ирсэн хүн юм байна. Гэхдээ таны зөв л дөө. Бид л үр хүүхдийнхээ ирээдүйг гадаа гарч өөрчлөхгүй юм бол гэртээ дэлгэцний араас шүүмжлээд юуг ч өөрчлөхгүй шүү дээ. Танд амжилт хүсье.