БНХАУ-ыг үүсгэн байгуулагч коммунист хувьсгалын удирдагч Мао Зедуны 300 сая ам.долларын үнэ бүхий хуйлаас бичиг өнгөрсөн сард Хонконгоос хулгайлагджээ. Гэвч үнэ цэнэтэй олдворыг хоёр хэсэгт хувааж 500 хонконг доллар буюу ердөө 60 ам.доллараар зарсан байсныг илрүүлжээ.
Хонконгийн цагдаа нар есдүгээр сарын сүүлээр 49 настай эрэгтэйг хуйлаас бичгийг хулгайлсан хэрэгт буруутган баривчилжээ. Гэвч уг эрэгтэй бараг гурван метр урт, уран бичээс бүхий хуйлаас бичгийг ердөө 500 хонконг доллараар үл таних этгээдээс худалдаж авсан гэдгээ мэдүүлсэн байна.
Хуйлаасыг хулгайлсан этгээдүүд дэлгэж харахад хэтэрхий урт байсан тул хоёр хэсэгт хуваасан байсан гэж цагдаагийн газраас мэдээлжээ. Эртний эдлэл цуглуулагч Фу Чуншиаог эх газар руу аялж эзгүй байх хооронд нь Хонконг дахь цуглуулгаас нь өнгөрсөн нэгдүгээр сард үнэ цэнэтэй эд зүйлсийг хулгайлсан байсны нэг нь уг хуйлаас байжээ. Цуглуулагч Чуншиао коронавирусийн халдварын тархалтаас үүдэж удаан хугацаанд гэртээ ирж чадаагүй байна.
Гэмт этгээдүүд түүний цуглуулгаас 24,000 ширхэг Хятадын шуудангийн тамга, 10 ширхэг зоос, долоон ширхэг уран бичээс хулгайлсан байна. Нийт 645 сая ам.долларын эд зүйл хулгайд алдсан бөгөөд Мао Зедуны хуйлаас дангаараа 300 сая долларын үнэтэй юм. 24,000 ширхэг тамга болон бусад эд зүйлийг олсон ч зургаан ширхэг хуйлаас олдоогүй хэвээр байна.
Гэмт хэрэгт холбогдуулан хулгай дээрэмд тусалсан байж болзошгүй гурван өөр эрэгтэйг баривчлан саатуулаад байгаа юм.
Эх сурвалж: ВВС, The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.