Улсын Их Хурлын дарга М.Энхболд бямба гарагт МҮОНТ-ийн сурвалжлагчтай ярилцаж, сүүлийн үед үүсээд байгаа асуудалд хариулт өгсөн билээ. Үүнээс зарим сэдвийг онцолж хүргэж байна.
- МАНАН гэдэг бүлэглэл байна, Таныг энэ бүлэглэлийн толгойлогч нь гэж ярих боллоо. Бас шударга бусын хонгил гэдэг зүйлийн талаар зарим улстөрчид ярьдаг. Үнэхээр МАНАН, Шударга бусын хонгил гэж байдаг юм уу. Үүнд Та бодитой хариулт өгөөч.
-2004 оноос хойш хэд хэдэн удаа хамтарсан Засаг байгуулагдлаа. Би заримыг нь толгойлж, заримд нь орж ажиллаж явсан. Хамтарсан Засгийн газруудын гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд оноотой ч юм бий, алдаатай ч юм бий. Алдаатайг нь ил далд, нууц хулгайн аргаар хамтран хийсэн гэж олон түмэнд итгүүлэх зорилготойгоор зарим хүмүүс улс төрийн бодлого, зорилготойгоор МАНАН гэдэг нэр өгч, ярьдаг. Үнэхээр ийм зүйл бодитой байгаа бол түүнийг шалгах ёстой.
Би 2005 онд тухайн үеийн МАХН-ын даргаар сонгогдоод, 2 намын хамтарсан 67-гийн “бүдүүн бүлэг”-ийг тарааж байсан. Би УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа МАХН, АН-ын хамтарсан бүлэг салах ёстой, байр байрандаа очих ёстой гэж үзээд, АН-ын 23 гишүүнтэй зөвлөлийг байгуулж байсан. Улмаар 67-гийн бүлэг дээр суурилж байгуулагдсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулж байсан. Харин өнгөрсөн сонгуулиар парламентад 65 суудалтай болгоод, МАНАН гэдэг нэртэй хамтарсан Засгийн газар байгуулахгүй байх улс төрийн нөхцөл бололцоог бүрдүүлчихээд би МАН-ын даргын албан тушаалыг хүлээлгэж өгсөн. Харин шинэ МАНАН үүсчих вий гэдгээс эмзэглэж байгаа. Шинэ МАНАН үүсэж байна уу даа гэж надад ажиглагдаж байгаа.
-Монгол Улсын Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ 60 тэрбум бол үнэн, газар зарсан асуудал ч үнэн гэж хэлсэн. Энэ асуудал дээр Та ямар хариулт өгөх вэ?
-60 тэрбумын гэдэг асуудал сүүлийн 2 жил гаруй яригдаж байна. Энэ бол яриа. Энэ бол улс төрийн хэтрүүлэг, дэврүүлэг. Улс төрийн ашиг хонжоо олох гэсэн үйлдэл. Өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд хууль хяналтын байгууллагууд үүнийг нэг бус удаа шалгасан. Шийдвэрүүд нь гарсан.
Ерөнхий сайдын мэдлийн Тагнуулын ерөнхий газар дээр энэ асуудлыг дахин хэрэг үүсгэн, шалгаж байгаа. Би сайн шалгаж, үнэн бодит байдлыг олон түмэнд ил тод, нээлттэй танилцуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
Газрын наймаа гэдэг бол намайг хотыг даргаар ажиллаж байсантай холбогдуулж өгсөн нэр хоч. Би газар олгож байсаан. Гэхдээ газар зарж байгаагүй. Миний олгосон газар дээр Улаанбаатар хотод хэчнээн мянган айлын орон сууцны хорооллууд бий болов, хэдэн мянган ажлын байр бий болов, Улаанбаатар хотын өнгө төрх хэрхэн өөрчлөгдөв гээд сайн талаас нь харах юм бол бас ч багагүй зүйлүүд бий. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад газар олгож, бүтээн байгуулалт хийх боломж, нөхцөлийг нь бүрдүүлэх явдал үе үеийн хотын даргын үүрэг.
Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ч гэсэн хотын даргаар ажиллаж байхдаа Төрийн ордны хойд талд газар олгож байсан. Тэр газар дээр 6-7 давхар байшин барьж, тэрнийгээ зарж борлуулсан байх. Тэрнийгээ өнөөдөр намайг газар зарсан мэтээр андуурч, сольж яриад байгаа юм болов уу?