Улсын Их Хурлын дарга М.Энхболд бямба гарагт МҮОНТ-ийн сурвалжлагчтай ярилцаж, сүүлийн үед үүсээд байгаа асуудалд хариулт өгсөн билээ. Үүнээс зарим сэдвийг онцлон хүргэж байна.
Би ажлаа өгөөд зугтах биш, харин ч Үндсэн хуулийг санаатай зөрчиж байгаа энэ үед хариуцлагаас зугтах ёсгүй гэсэн байр суурьтай байгаа
УИХ-ын үйл ажиллагаа гацаанд орчихов уу. Яригдаж байгаа сэдвүүд дотор Таны нэр дурдагдаж байгаа. Иргэд, олон нийт гайхашрал, хүлээлтийн байдалтай байх шиг. Яах ёстой вэ. Та үүнд ямар дүгнэлт хийж байна вэ?
-Сүүлийн үед УИХ дээр зарим нэг гацаа үүсэж байна. Гэхдээ УИХ-ын гишүүд ирцээ 50-иас дээш хувьд хүргэж, хэлэлцэх ёстой асуудлуудаа, нэн ялангуяа хугацаатай хэлэлцэх асуудлуудаа хугацаанд нь хэлэлцэж, шийдвэрлэж чадаж байгаа. Ийм байдал яагаад үүссэн бэ гэдэгт би тодорхой хэдэн зүйл хэлье гэж бодож байна.
Улсын Их Хурал Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан, ялангуяа Монгол орны эдийн засаг, нийгмийн болон иргэдийн амьдралын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд маш шуурхай ажиллаж байгаа. Нэг ч асуудлыг хойшлуулж буцаалгүйгээр, Байнгын хороо, чуулганаар сайжруулж, баталж ажиллаж байгаа.
Гэтэл сүүлийн үед Засгийн газрын тэргүүн, Засгийн газрын гишүүд УИХ-ын үйл ажиллагааг бойкотлохыг санаархах боллоо. Үүнийг би хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа.
Засгийн газар бол Үндсэн хууль болон бусад хуулийн хэрэгжилтийг хангаж, УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг байгууллага болохоос биш УИХ-даа бойкот хийгээд хуралдаа орж ирэхгүй, асуудлыг хэлэлцүүлэхгүй гацааж байдаг байгууллага биш ээ.
Өргөн барьсан сайдыг нь томилоод өгье гэхээр Ерөнхий сайд нь ирдэггүй, УИХ-ын гишүүдийн тавьсан асуулгад хариулт авъя гэхээр хариуцаж байгаа сайд нар нь ирэхгүй байх жишээтэй.
Өнөөдөр валютын ханшийн хурдацтай өсөлт, бензин, шатах тослох материал, бараа бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл, өвөлжилтийн бэлтгэл гээд шийдвэл зохих олон чухал асуудал байна. Энэ талаар юу хийж байгааг сонсож, шаардлагатай шийдвэрүүдийг гаргахын тулд гишүүд асуулга тавьж мэдээлэл авъя гээд бүтэн хоёр 7 хоног хүлээж байна.
Засгийн газрын зарим гишүүд Байнгын хорооны хуралдааны ирцийг бүрдүүлэхгүй байх талаар гишүүдэд ухуулга ятгалга хийж, Их Хурлын гишүүний эрхэнд ч халдаж байгаа.
Сүүлийн 2 сарын дотор дизелийн түлшний үнэ гэхэд 2100-гаас 2380 хүрч өсчихөөд байхад Засгийн газар тодорхой арга хэмжээ авахгүй, нөхцөл байдлаа УИХ дээр ярихгүй, ирэхгүй байна. Би үүнийг улс орны хэмжээний тулгамдсан асуудалд Засгийн газар маш хариуцлагагүй хандаж байна гэж үзэж байна. Би энэ байдлыг Монгол Улсын төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын дээр улс төрийн нам гарсан, намын шийдвэрээр УИХ-ын үйл ажиллагааг зогсоож байна гэж харж байна. Парламентын нэр хүнд бүрэн дүүрэн сайн байгаа гэж би хэлэхгүй ээ. Гишүүд янз бүрийн асуудалд холбогдож байгааг буруушааж байна. Үүнийг хууль хяналтын байгууллагууд нь шалгах ёстой. Гэхдээ парламент үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд тасралтгүй явуулж байх учиртай.
Монгол төрийн тогтвортой байдал Засгийн газар тогтвортой байхаас
хэд дахин үнэ цэнэтэй юм шүү
-Гэтэл парламентыг тараах асуудлыг хөндөж байгаа. Бас Таныг ажлаа өгөхийг шаардаж байгаа. УИХ тарах нь хэнд ашигтай байж болох вэ?
-Надад хариуцлагаас зугтаад, УИХ-ын даргын албан тушаалд шигдээд, зууралдаад байя гэсэн бодол байхгүй.
Би Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байгаад улс төрийн нөхцөл байдлыг үнэлж, өөрөө өргөдлөө өгч огцорч байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагагүй оролцсоноо хүлээн зөвшөөрч, Намын даргын албан тушаалыг өгч байсан.
Би төрийн өндөр албан тушаалтай зууралдаад байдаг хүн биш. Та бүхэн мэдэж байгаа, Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санаачилга гаргаж, зөвшилцөх бичгийг надад ирүүлсэн. Би энэ бичгийн хариуг өгөхдөө “Таны саналыг хүлээж авах боломжгүй байна” гэдгээ мэдэгдээд, төгсгөлд нь Та Үндсэн хуулиар улс орны тогтвортой байдал, монголчуудын эв нэгдлийг хангах үүргийг хүлээсэн хүн шүү. Үүнийг анхаарч ажиллаарай гэж хүссэн. Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдаан дээр би УИХ-ыг тараах асуудлыг ярина гэсэн. Засгийн эрхийг барьж байгаа манай намын байранд иргэдийг олноор нь, зориудаар зохион байгуулан цуглуулж, жагсаал цуглаанд турхирч байгаа үйлдлийг би Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх барих байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах оролдлого гэж үзэж байна.
Тиймээс миний бие ийм цаг үед энэ ажил албан тушаалыг өгөөд, хариуцлагаас зугтах ёсгүй гэсэн байр суурьтай байгаа юм.
Тэр ч бүү хэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр миний байр суурь ганцаардах явдал нэг бус удаа гарч байгаа. Гэхдээ би гаргасан санал, хэлсэн үгээ хамгаалж, ҮАБЗ-ийн зөвлөмж шийдвэрт оруулж тусгаж байгаа.
Намайг гүтгэж, дайрч, доромжилж болно. Би үүнд тэвчээртэй хандана. Харин төрийн эрх барих байгууллага руу дайрах, үйл ажиллагааг нь тасалдуулах явдал хэрхэвч байж болохгүй. Эв нэгдлийг эрхэмлэх, хэрүүл маргаан үүсгэхгүй байх, тэвчээр хүлээцтэй байх нь миний баримталдаг зарчим.
Монголын ард түмэн итгэл үзүүлж, энэ парламентыг нэг нам давамгайлсан байдлаар байгуулж өгсөн. Тэр итгэлийг дааж ажиллахын төлөө л бид зүтгэх ёстой болохоос биш талцаж хуваагдаж, хариуцлагаас бултаж, сүржин үг, хоосон лоозогнол хэлж, байдлыг улам хурцатгаж асуудалд хандаж болохгүй гэж би үзэж байгаа.