- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Хүн худалдаж авсан нэг ширхэг гялгар уутаа ердөө л 12 минут ашигладаг ч хүмүүсийн хэрэглээд хаясан нийт уутны гурван хувь нь дахин боловсруулагддагийг Дэлхийн байгаль орчин хүн амын талаарх бодит статистик мэдээллийн The World Counts тооцоолсон байна. Тиймээс дэлхий дээр нэг өдөр хаягддаг хогны 30%-ийг гялгар уут эзэлдэг байна. Үүнээс болж жилд амьтад 100, 100 мянгаараа үхэж, уутны хаягдалд бохирдсон уснаас хүүхдүүд ууж байгаа нь дэлхий нийтийн анхаарал татсан асуудал боллоо. Өнгөрсөн зургаадугаар сарын эхээр энэ асуудлыг Канадын Квебек мужийн Ла Малбайед болсон “Их-7”-ийн уулзалтаар Канад улсын санаачилгаар, байгаль орчин, хүрээлэн буй орчинд маш хортой нөлөөлж буй хуванцарын хэрэглээний талаар удирдагчид чуулж, баримт бичиг гаргажээ. Энэ хүрээнд Монгол Улсад суугаа Канад улсын Элчин сайд Дэвид Спрул Монголын бохирдоогүй цэвэр байгалийг хуванцарын бохирдлоос хамгаалах, монголчуудад гялгар уутны сөрөг нөлөөллийг таниулж, мэдлэгийг нь дээшлүүлэх зорилгоор “Тусчхан” төсөл санаачилснаа танилцуулан мэдээллээ.
Төслийн хүрээнд “Тусчхан” брэнд бий болгож, гялгар уутны хэрэглээг бууруулах, байгаль хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулах зорилготой юм. Төслийг Хог хаягдлын үндэсний холбоо, Монголын хатуу хаягдлыг дахин боловсруулах холбоо, “Хоггүй Монгол” болон “Нарны хүүхдүүд мөрөөдөл” ТББ-тай хамтран зохион байгуулна. “Нарны хүүхдүүд мөрөөдөл” ТББ-ын оёдлын цехээр дамжуулан зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгон, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэдний оёсон “Тусчхан” уутыг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлж, зөв хэрэглээг дадал болгох аж.
Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гүйцэтгэх захирал Д.Батжаргал “Улаанбаатар хотод гялгар уут дахин боловсруулах хоёр үйлдвэр ажиллаж байна. Энэ үйлдвэрүүд нийслэлээс гарч буй бүх хаягдлыг боловсруулж байгаа ч орон нутаг дахь уутыг боловсруулж чаддаггүй. Яагаад гэвэл орон нутгаас гялгар уутны хаягдлыг цуглуулж авчрахад зардал өндөр. 1000 ширхэг уут 1 кг болдог. Их хэмжээгээр авчирсан нөхцөлд кг-ыг нь 150-250 төгрөгөөр авдаг. Ийм хэмжээний мөнгөөр орон нутгаас уутны хаягдлыг түүгээд ирэх хүн алга. Манай холбоо Дэлхийн хатуу хаягдлын холбооны гишүүн болсон” хэмээн өгүүлсэн юм.