Энэтхэгийн кино ертөнц Болливүдын супер од Амитаб Баччан нэн ядуу амьдардаг ард иргэдийн ачааг бага боловч хөнгөлөх үүднээс 560,000 ам.долларын өрийг нь тэглэжээ. Жүжигчин Уттар Прадеш мужид төрсөн бөгөөд нутагтаа фермерийн аж ахуй эрхэлдэг 1,398 хүний өрийг дарсан байна.
Энэ тухайгаа өөрийн блогтоо “хүнд хэцүү нөхцөлд зовж байгаа зарим фермерийн аж ахуй эрхлэгчдийн ачаанаас хөнгөлөхийг хүслээ, дотоод амар амгалангийн хүчээр зорьсон ажлаа дуусгалаа” гэж нийтэлжээ.
Жүжигчин Амитаб Баччаныг “Big B” нэрээр нь Энэтхэг даяар хүндэлдэг. Болливүдын 200 гаруй кинонд тоглосон алдартай эрхэм юм.
Энэтхэг улсын хүн амын тэн хагас нь газар тариалан болон түүнтэй холбоотой бизнес эрхэлж, ДНБ-ий 18 хувийг бүрдүүлдэг байна. Гэвч ойрын жилүүдэд цаг уурын хатуу ширүүн уур амьсгал, шатахууны үнийн өсөлт, Засгийн газрын дэмжлэг дутсан зэргээс хамаарч энэ төрлийн бизнес эрхлэхэд тун хүнд болжээ.
Банкинд өртэй олон мянган фермер байдаг. Засгийн газрын мэдээгээр 2013 онд 11,772 фермер эрхлэгч хүнд хэцүү нөхцөлийг даван туулж чадалгүй амиа егүүтгэжээ. Харин саяхны судалгаагаар өдөрт 44 хүн бизнес нь дампуурснаас болж амиа егүүтгэж байна. Ерөнхий сайд Нарендра Моди газар тариалангийн бизнес эрхлэгчдийг дэмжиж 2022 он гэхэд орлогыг нь хоёр дахин нэмэгдүүлэхээ амласан.
Эх сурвалж: www.cnn.com