АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама өөрийн намтар түүхийг өгүүлсэн “Becoming” шинэхэн номоо уншигчдад хүргээд удаагүй байгаа.
Өнгөрсөн амралтын өдөр Вашингтонд болсон номын сурталчилгааны арга хэмжээн дээр Нэгдсэн улсын 44 дэх Ерөнхийлөгч асан Барак Обама баглаа цэцэгтэй гарч ирэн гэнэтийн бэлэг барьжээ.
Обамаг тайзан дээр гарч ирэхэд үзэгчид “Бид таныг санаж байна” хэмээн хашгиралдсан байна. Экс Ерөнхийлөгч гэргийдээ барьсан гэнэтийн бэлгээ “Та бүхэн Бионсигийн тоглолтон дээр рэппер Жэй Зи хэрхэн гарч ирснийг санаж байгаа байх, яг л түүн шиг байлаа” хэмээн хошигножээ.
Уг арга хэмжээг Цагаан ордны зөвлөх байсан Валери Жаррет хөтлөн явуулсан байна. Мишель Обама Цагаан ордноос гарсны дараах амьдралынхаа тухай үзэгчдэд ярьжээ.
Тэрээр “Бид Обамаг төрийн тэргүүн байх найман жилийн хугацаанд төгс төгөлдөр байх гэж, их зүйл бүтээж хөдөлмөрлөх гэж, бүгдийг зөв хийх гэж маш завгүй өнгөрсөн. Маш ховор тохиолдолд амсхийж хийсэн зүйлээ олж хардаг байсан. Зарим шөнө нөхөрлүүгээ хараад залуу минь чи хийж чадсан, чи дэлхий дээрх хамгийн хэцүү ажлуудын нэгийг хийж чадсан гэж хэлдэг” гэсэн байна.
“Becoming” тэргүүн хатагтай асны бага нас, өөрийгөө хэрхэн олсон, Цагаан ордны амьдрал, Нэгдсэн улсын тэргүүн хатагтай төдийгүй эх хүний байр сууринаас бичсэн намтар ном юм. 400 хуудас номын нэг саяыг нь “First book” төрийн бус байгууллагад хандивлах аж.
Эх сурвалж: www.cnn.com