Явган аялал гэдэг хүнээс асар их зориг тэвчээр шаарддаг атлаа сонирхолтой, адал явдалтай. Гэхдээ жирийн нэг явган аялал биш байгалийн сүр хүчний эсрэг чадал тэнхээгээ сорьж, дэлхийн хамгийн хүйтэн, өндөрлөг, хуурай, зэлүүд өмнөд туйлыг алхаж туулна гэдэг амаргүй даваа.
Биднийг энэ тухай хүүрнэх зуур Британи, Америкийн иргэн хоёр залуу Антарктикийг явган туулж байна. 49 настай Британий Эзэн хааны армийн ахмад усан цэрэг Луйс Руд, 33 настай Америкийн адал явдалд дурлагч уулчин Колин О’Брэдди нар өмнөд туйлын аялалдаа гарчээ.
Зоригтой бас галзуу ч гэмээр залуус 1500 км замыг бусдын тусламжгүй даван туулсан анхны хүн төрөлхтөн болохоор явж байна. Тэд Антарктикад байгаа судлаачдаас аяга цайны ч тусламж авахгүй гэдгээ мэдэгджээ.
Ойролцоогоор 65 хоног үргэлжилнэ гэж тооцоолсон аялал энэ сарын гуравны өдөр эхэлсэн байна. Ронни мөсөн толгодоос Өмнөд тулгуур хүртэл анхны авиралтаа хийх аж. Уг аялал бүтэлгүйтэж, адал явдалд эрэлхийлэгчид амиа алдаж болохуйц хүнд гэдгийг уулын спортын мэргэжилтнүүд онцолж байна.
2016 онд Британийн судлаач Хенри Ворсли Антарктикад явган аялал эхлүүлсэн ч халдвар авч хоёрхон хоногийн дотор амиа алдаж байжээ.
Эх сурвалж: www.qz.com