Агуу сэтгэгч Билл Гейтс жорлонгийн хувьсгал хийхийг 14 жилийн турш мөрөөдөж яваагаа саяхан болсон нэгэн олон улсын хурал дээр ярьжээ. Гэртээ “жорлонгийн тухай ярихаа больё”, “хоолны цагаар ярихыг хориглолоо” гэж эхнэр Мелинда нь дүрэм хүртэл гаргаснаас харвал Биллийг энэ сэдэвт анхаарах болсон нь эрхгүй гайхшрал төрүүлнэ.
Хүний өтгөн дотор байх сая живаагаар тоологдох бактерийг ус хэрэглэхгүй устгах нь жорлонгийн хувьсгал гэж Билл хэлж байна.
Түүний жорлонгийн тухай сэдэв хөндөх болсон нь учиртай. Усны нөөц нь улам хорогдон багасаж буй дэлхий ертөнцийг үр хүүхэддээ хүлээлгэж өгөхдөө уух устай нь үлдээхийн тулд өнөөдөр бид хуурай жорлонгийн хувьсгал хийх хэрэгтэй гэж тэрээр үзэж байна.
Өөрөөр хэлбэл ус хэрэглэдэг жорлон орчин үеийн шалгуурт нийцэхгүй гэж тэрээр “оношилсон” аж. Бүх хүнийг устай жорлонгоор хангахад дэлхийн усны нөөц хүрэлцэхгүй. Дэд бүтэц татахад мөнгө, бохирыг нь хурааж хуримтлуулах цэвэрлэх байгууламжийн даац ч хүрэхгүй гэж тэрээр үзэж байна.
Өнөөдөр дэлхийн хүн амын 40 орчим хувь нь устай жорлон хэрэглэж байгаа ч энэ хэрэглээ дахин 30 жил өнгөрөхөд жорлонгийн усыг татах усны нөөц хүрэлцэхгүй болох аж.
Өнөөдөр “Дэлхийн жорлонгийн өдөр”
Гэвч соёлт хүн төрлөхтөн паалантай жорлонд тухлахыг илүүд үзэх үзэл улам даамжирна уу гэхээс багасахгүй. Иймд “жорлонд ус татах”, “дэд бүтцэд холбогдох” гэдэг хоёр зүйлийг ор тас хасч хаяад шинэ технологийн хайгуулд гарах хэрэгтэй болжээ. Сүүлийн 10-аад жил ийм хайгуул хийж байна.
Хуурай жорлонгийн хөгжлийн хоёр хандлага байгаа аж. Эхнийх нь Билл Гейтс сангийн хандлага буюу сервист тулгуурласан хуурай жорлон юм. Энэ нь ихэвчлэн соруулдаг, бөөгнүүлж ачдаг жорлонгуудын сүлжээнд үйлчлэх бага оврын соруулдаг машин, бага оврын шатаах, ус салгах үйлдвэр, цаашилбал хот даяар үйлчлэх зориулалт бүхий Омни процессор машиныг боловсронгуй болгох оролдлогууд явагдаж байна. Энэ туршилтыг Билл Гейтсийн сангийн хөрөнгө оруулалт, дэмжлэгээр бүтээж буй.
Нөгөө нэг хандлага нь Скандинов хандлага. Финлянд, Швед, Норвеги зэрэг Скандиновын орнуудаас гаралтай хуурай жорлонгууд нь ихэвчлэн төвлөрсөн үйлчилгээний систем шаардахгүй. Харин бага хүрээнд цөөхүүлээ нийлээд цэвэрлэчих мөн эх үүсвэр дээрээ өөрийгөө цэвэрлэх боломжтой жорлон бүтээж байна. Хотын их төвлөрөл дунд ажиллаж чадах, хөдөө тусгаарлагдмал нөхцөлд ч ажиллаж чадах олон төрлийн хуурай жорлонг скандиновчууд бүтээж туршсан байна.
Харин Монголчууд бид хэзээ “жорлон”-доо санаа зовж эхлэх вэ.
Өнөөдөр дэлхий нийтээрээ жорлонд санаа зовних өдөр буюу НҮБ-аас Дэлхийн жорлонгийн өдөр болгон зарласан өдөр билээ. Харин бид юу хийх вэ...