Бямба гарагт хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлсэн үг олны анхаарлыг татаад байгаа билээ. Тэрбээр:
-Өнөөдөр валютын ханштай холбоотой хамгийн чухал асуудлыг хэлэлцэх гэж байна. Ард түмний амьдралтай холбоотой хамгийн чухал асуудал ш дээ. Сангийн сайд суух ёстой гэдэгт би санал нэг байна. Өчигдөр хориг ярьж байхад Сангийн сайд ч, Шадар сайд ч байгаагүй. Бүх сайд нь энд байх ёстой ш дээ. Сайд нараа оруулж ирээч Г.Занданшатар аа. Ер нь УИХ, Засгийн газрын зарчим алдагдаад удлаа. Одоо яах юм бэ, УИХ-ын дарга аа!
Энэ байдлаараа Засгийн газар нь ч огцорч, УИХ нь ч тарах хэрэгтэй.
ЖДҮ-тэй холбогдсон сайд нар, албан тушаалтнуудад хариуцлага тооц гэж шаардаад удаж байна. Нэг хэсэг нь уучлалт гуйгч нар төрлөө, уралдаж зээлээ төлөгч нар төрлөө, уралдаж сайн, сайхан шударга хүн болох гэсэн уралдаан өрнөсөн. Өнөөдөр эргээд энэ асуудлыг шүүмжилж, үнэнийг нь хэлсний төлөө мань мэтийг нь хэвлэлээр намнаж, янз бүрийн байр савны асуудал гаргаж тавьж, нэр хоч өгч байна.
Ийм төлбөртэй мэдээг УИХ, Засгийн газрын гишүүд захиалга өгч бичүүлдэг, яриулдаг боллоо. УИХ-ын тухай хуулийн 31.30-д заасны дагуу УИХ-ын гишүүд нь өөрсдөө санал санаачилга гаргаад УИХ-аа тараая. Ер нь 1937 он ирж байгаа юм уу, юу болж байгаа юм бэ. Шаардлага тавьсны төлөө барина, хорино, гянданд хийнэ гэдэг дарамт шахалт хүртэл ирж байна. Тиймээс УИХ-ын гишүүддээ хандаж уриалж байна. Тарцгаая. Миний бие УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд өөрийнхөө бланкан дээр УИХ-ыг тараах гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлнэ гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг энэ мэдэгдлээ хийсний дараа нь буюу энэ сарын 17-18 нд шилжих шөнө түүний зөвлөхийн биед үл таних хоёр этгээд халджээ.
Энэ талаар гишүүн өөрийн нүүр номондоо “Өчигдөр шөнө УИХ-ын гишүүн миний зөвлөхийг гэртээ орох гэж байхад орцонд нь үл таних хоёр хүн халджээ. Төмрөөр толгойн тус газар нь хага цохиж, тархинд нь хүнд гэмтэл учруулж, араас нь боож нүүр амыг нь гэмтээсэн байна.
Орцонд болсон явдлын дуу чимээнээр нэг давхрын айлаас хүн гарч ирэхэд нөгөө хоёр хүн зугтжээ. Хариуцлага алдсан Засгийн газрыг огцруулна гэж мэдэгдсэний төлөө миний хэвлэл хариуцсан зөвлөхийн амь нас, эрүүл мэндэд ноцтойгоор халдсан байна. Албан тушаал эрх мэдэл хүний аминаас үнэтэй гэж үү. Энэ асуудлаар цагдаа, тагнуул, хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандана” хэмээжээ.