Баян, ядуугийн ялгаа түүнээс гарах уршиг бүхий л улс оронд, нийгмийн анги давхаргад эерэг нөлөө үзүүлээд байдаггүй. Их Британийн бүрэлдэхүүн Английн баруун хойд мужид байдаг ахлах сургууль нийгмийн анги давхаргын ялгааг арилгахаар тэмцэж эхэлжээ.
Вүдчөрч ахлах сургууль сурагчдыг “Canada Goose”, “Moncler” брэндийн гадуур хувцас өмсөхийг хориглосон байна. Ингэснээр сургуулийн сурагчид нэгнээ баян, ядуугаар нь гадуурхаж харьцахгүй, нийгмийн эрх тэгш байдал үүснэ гэжээ.
11 дүгээр сар гарснаас хойш тус сургуулийн удирдлагад эцэг эхчүүдээс захидал ирэх болжээ. Эдгээр захидлуудад зул сарын баяр ойртохын хэрээр хүүхдүүд нь эцэг эхээсээ үнэтэй брэндийн хувцас, гутал авч өгөхийг шаардаж дарамтанд оруулах болсон гэнэ. Тиймээс сургуулийн удирдах албан тушаалтнууд сурагчдын дунд тэгш бус байдал үүсгэхгүйн тулд үнэтэй брэндийн хувцас өмсгөхгүй байх шийдвэр гаргажээ.
“Canada Goose”, “Moncler” брэндүүдийн гадуур хувцас дунджаар 1,200 ам.долларын үнэтэй. Үнэн хэрэгтээ энэ нь зарим гэр бүлийн бүтэн сарын хэрэглээ аж.
Хоёр жилийн өмнө тус сургуулийн сурагчид үнэтэй цүнх барих болж мөн л эцэг эхчүүддээ бусдаас гадуурхагдахгүйн тулд ижил цүнх авч өгөхийг шаардах тохиолдол гарч байжээ. Вүдчөрч ахлах сургуулийн хүүхдүүд жилдээ ганцхан удаа чөлөөт хувцас өмсөж, бусад үед нь дүрэмт хувцастай хичээлдээ суух дүрэмтэй байна.
Британи улсад нилээд хэдэн сургууль нийгмийн анги давхаргын ялгааг арилгахын тулд дээрхтэй адил дүрэм батлан хэрэгжүүлж байна. Тухайлбал, ядуу сурагчдыг бусдын дарамт шахалтанд өртөхөөс хамгаалж үнэтэй үзэгний сав хэрэглэхийг хориглож, багш нар сурагчдаас амралтын өдрүүдэд юу хийж өнгөрөөснийг асуух шаардлагагүй гэж үзжээ.
Эх сурвалж: www.cnn.com