Замын цагдаагийн урд талд гүүрэн байгууламжийн ажлын явцтай Нийслэлийн хотын дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батолд болон албаны хүмүүс танилцсан юм. Тус гүүрийг барьж буйтай холбогдуулан тухайн хэсгийн замын хөдөлгөөнийг удаан хугацаанд хаагаад байгаа билээ. Тэгвэл өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан гүүрийн барилгын ажлыг ирэх сарын 15-наас 2019 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд түр хугацаанд зогсоохоор болжээ. Үүнтэй холбоотойгоор ирэх долоо хоногоос Нарны гүүрнээс Олимпийн гудамж хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар нээх талаар албаны хүмүүс мэдэгдэв. Гадаад хэргийн яамнаас Олимпийн гудамж уруудаж ирж байгаа тээврийн хэрэгсэл маань баруун эргэх гэнэ.
Энэ хугацаанд барилгын бусад ажлыг төмөр замаас урагш талбайд гүйцэтгэнэ. Ирэх жилийн барилгын ажил 2019 оны гуравдугаар сард эхлэх учраас тухайн үед Олимпийн гудамжийн хөдөлгөөнийг буцаагаад хаахаар төлөвлөөд байгааг гүйцэтгэж байгаа компанийнхан хэллээ.
Уг гүүрэн байгууламжийн ажлын явц графикийн дагуу хэвийн буюу 43 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна.