Өнөөдөр буюу бямба гарагт Франц улс даяар шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал хөдлөгөөн газар авна. Автомашинтай иргэд улсын 700 гаруй байрлалд автозамын хөдөлгөөнийг түгжиж, зам гүүрүүдийг хаана гэдгээ мэдэгджээ. Жагсагчид шар өнгийн хантаазыг бэлгэ тэмдгээ болгон нэгдэж байна.
Эсэргүүцлийн жагсаалд оролцох хүсэлтэй иргэд олон нийтийн цахим сүлжээ Facebook, Twitter хуудсуудаар дамжуулан “Шар хантаазтанууд 11 дүгээр сарын 17-ны өдөр нэгдэнэ” хэмээх хаш таг хөдөлгөөнийг өрнүүлжээ.
Өнгөрсөн жилийн хугацаанд Францад шатахуун, дизель түлшний үнэ 23 хувиар өсчээ. Нэг литр шатахуун 1,51 евро буюу 1,71 ам.долларт хүрсэн нь 2000 он гарснаас хойш хамгийн өндөр үнэд хүрсэн тохиолдол болж байна.
Дэлхийн хэмжээнд газрын тосны үнэ өссөнтэй холбоотойгоор дизель, түлшний үнэ нэмэгдсэн хэдий ч Ерөнхийлөгч Эммануэл Макроны Засгийн газар иргэдийн ачааг хөнгөлөхийн оронд татварыг нэмэгдүүлж байгаад бухимджээ. Нэг литр дизель түлшний татварыг 7,9 цент, шатахууны татварыг 3,9 центээр нэмсэн байна. Ингэж нүүрстөрөгчийн татварыг нэмснээр автомашинуудаас ялгарах агаарын бохирдол буурна гэж үзжээ.
Эсэргүүцлийн жагсаалыг Францын сөрөг хүчний улс төрчид дэмжиж байна. Гэсэн хэдий ч Засгийн газрын эрх баригчид шатахуун түлшнээс хураасан татвар татаасыг ядуу айл өрхүүдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд хэрэглэнэ гэсэн байр сууриа хамгаалжээ. Одоогоор тус улсын 3,6 сая ядуу айл өрхөд төр засгаас дэмжлэг үзүүлж байгаа бол шатахууны татварыг нэмснээр 5,6 сая өрхөд туслах боломжтой болох юм.
Эх сурвалж: www.bbc.com