УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан гишүүддээ хариуцлага тооцож чадахгүй бол огцруулах асуудлаар гишүүдээс санал авна гэдгээ мэдэгдсэн. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлэг ямар байр суурьтай байгааг тус бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодруулсан юм. Тэрбээр “Өнөөдрийн төр засагт авлига, аллага, хулгай гурав нүүрлэчихлээ. Тийм учраас Засгийн газарт хариуцлага тооцох шаардлагатай гэсэн байр суурийг УИХ дахь АН-ын бүлэг удаа дараа Засгийн газарт илэрхийлсэн.
Сүүлийн үед өрнөж байгаа МАНын дотоод асуудалд АН оролцохгүй байгаа. Учир нь, эрх баригчдын дотоод асуудал хямралын цэгтээ хүрэхээс өмнө бид өөрсдийнхөө байр суурийг тодорхой илэрхийлсэн. Энэ байр суурь өнөөдрийг хүртэл хэвээр байгаа гэж ойлгож болно. Төр засгийн үйл ажиллагаа болохоо больчихлоо, шударга бус үйлдлүүд хэрээс хэтэрчихлээ нэг тийш нь шийдэх ёстой гэсэн ард түмний шаардлагатай манай бүлгийн шаардлага нийцэж байгаа учраас бүлгийнхээ хурлыг яаран хийгээд байх шаарлага байхгүй. Ер нь бол бидний шаардлага хэвээрээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Засгийн газраа хэрхэх асуудлаа яах нь эрх баригчдын асуудал. Тэнд хэдэн хүн яаж гарын үсэг зурсан нь чухал биш. Хамгийн гол нь хариуцлага тооцох нь л чухал” гэв.