УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Уг нь энэ хурал өчигдөр товлогдсон ч намын дарга У.Хүрэлсүх Удирдах зөвлөлийг хуралдуулж УИХ-ын дарга М.Энхболд, бүлгийн дарга Д.Хаянхярваа, Хотын дарга С.Батболд нарыг огцруулах санал оруулж хэлэлцүүлснээр “гал дээр тос нэмж”, бүлгийн хуралдаан хойшилжээ.
60 тэрбум төгрөг “ярьсан” хэргээс илүүтэй 65 тэрбум төгрөг шуудхан “идчихсэн” ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс зээл авсан улс төрчдийг огцруулахыг нийгэм шаардаж эхэлсэн. Энэ асуудлаа ярилцаж, хариуцлага тооцох асуудлыг үргэлжлүүлэх ёстой байтал 60 тэрбумын хэргийг эргэн сөхөж УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах тухай асуудал сөргүүлэн тавьсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тактик бурууджээ.
Уг нь бол 60 тэрбумын хэргийг өнгөрсөн Удирдах зөвлөлийн хурлаар авч хэлэлцэж, намын нэр хүндээ хамгаалахын тулд хэргийг эргэн сөхөхгүй хэмээн МАН-ын гишүүд тохиролцсон аж.
Одоо У.Хүрэлсүхийн засгийн газар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Өнөөдөр хуралдаж байгаа намын бүлгийн хурал дээр УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах тухай Ерөнхий сайдын санал бус Засгийн газрыг огцруулах тухай асуудал давамгай яригдаж эхэлсэн бололтой.
Бүлгийн хуралдааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.