Сүмогийн алтан хараацай Кёкүшюзан Д.Батбаяраар удирдуулсан Монголын сүмо бөхийн холбооны түүхт 25 жилийн ой удахгүй болох гэж байна. Ойн хүрээнд тус холбооноос олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Анх мэргэжлийн сүмод Кёкүтэнхо, Кёкүшюзан, Кёкүтэнзан нар хөл тавьснаар Монголд японы үндэс ний бөхийг сонирхож эхэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш Монголд сүмо бөхийн холбоог байгуулж, өдгөө тэргүүнээр нь сүмогийн алтан хараацай, гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр ажиллаж байгаа билээ. Мөн их аварга Хакүхо мэргэжлийн сүмогийн бүхий л дээд амжилтыг эзэмшихийн сацуу хоёр жилийн өмнө “Буянт-Ухаа” спортын ордонд сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулсан. 25 жилийн хугацаанд зөвхөн дэлхийн аваргаас л гэхэд 20 гаруй медалийг манай эрэгтэй, эмэгтэй сүмочид хүртжээ.