Африкийн Камерун улсад 70 гаруй эрэгтэй сурагч, хоёр багш, сургуулийн захирлыг хулгайлсан байна. Тус улсын баруун хойд мужийн нийслэл Баменда хотын сургуульд гарсан хэргийг англи хэлтэй мужуудын тусгаар тогтнолыг шаарддаг салан тусгаарлагчид үйлдсэн гэж буруутгажээ.
Баменда хотын Пресбитериан дунд сургуулийн байранд зэвсэгт этгээдүүд халдаж, 10-14 насны эрэгтэй сурагчид болон сургуулийн захирал, багш нарыг барьцаалжээ.
Зэвсэгт этгээдүүд барьцааны мөнгө нэхээгүй ба англи хэл заахыг хориглосон сургуулиудыг хаалгаа барьж, салан тусгаарлагчдад тусгаар улс болох эрхийг нь олгохыг шаардсан байна.
Сурагч хүүхдүүдийг жижиг өрөөнд оруулж хүүхэд нэг бүрээр хаанаас ирсэн, хэн болохыг нь хэлүүлсэн бичлэгээ барьцаалагчид илгээжээ.
Бичлэгт “Намайг Амбагийн залуус сургуулиас хулгайлсан, би хаана байгаагаа мэдэхгүй” гэсэн өгүүлбэрийг давтан хэлүүлжээ.
Одоогоор аль нэг зэвсэгт бүлэг хүүхдүүдийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй байна.
Хүүхдүүдийн бичлэгт дурдсан Амба гэдэг үг нь Амбазониа гэсэн үгийн товчлол. Амбазониа нь салан тусгаарлагчдын байгуулахыг хүсдэг шинэ улсын нэр бөгөөд Камеруны баруун хойд, баруун урд мужуудад салан тусгаарлагчид эсэргүүцэл үзүүлэх болсон.
Эдгээр мужуудын сургуулиудад Англи хэлний хичээлийг хориглосноор салан тусгаарлагчид сургуулиудыг хаахыг шаардсаар байгаа юм. Өөрөөр хэлбэл Англи хэлээр ярьдаг мужууд Амбазониа гэсэн шинэ улс байгуулахыг хүсч байна.
Засгийн газар хулгайлагдсан олон арван сурагч, багш нарыг эрж хайх ажлаа эхлүүлжээ. Камерун улсын арми барьцааны иргэдийг олж суллахад оролцож байна.
Өнгөрсөн сарын 19-ний өдөр үл таних зэвсэгт этгээдүүд таван сурагч хулгайлж, одоог хүртэл олоогүй.
Камероны хүн амын 80 хувь нь Франц хэлээр ярьдаг бол 20 хувь нь Англи хэлээр ярьдаг байна.
Эх сурвалж: www.bbc.com