МУГЖ И.Одончимэг урлагийн салбарт өөрийн авьяасыг сорьж, өөдрөг амьдарч яваа бүсгүйчүүдийн нэг. Тэрбээр олны хэл ам, хов жив, гүтгэлэг, доромжлол бүхнийг үл тоон жүжигчин Т.Бархүүтэй гэрлэж олны нүдийг орой дээр нь гаргасан он жил саяхан мэт санагдах. Хань нь түүнд “Сэргээш” инээдмийн киноны зураг авалтын үеэр дурласан гэдэг. Эхнэрийнх нь илүү дутуу маяггүй, ямар ч үед өөрөөрөө байж чаддаг зан нь түүний сэтгэлийг ихэд татсан гэдэг. Хайр сэтгэлийн хүчээр хамтын амьдралаа босгосон тэднийг өдгөө олон хүн монголын сайхан хосуудын нэг хэмээн бахархдаг. Үүнийг батлах олон үйл явдаг тэдний гэр бүлд тохиодог. И.Одончимэгийн 50 насны төрсөн өдөр өнгөрсөн жил тохиоход Т.Бархүү сүйн бөгж бэлэглэн гэрлэх санал тавьсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөлсөн. Мөн “Боловсрол” телевизийн “Яг түүн шиг-2” шоуны Гала концертын үеэр нөхөр нь “Надтай хамт олон шөнө энэ нэвтрүүлгийн төлөө нойргүй хоносон Одончимэгтээ хайртай шүү” хэмээн гэргийдээ талархлаа илэрхийлж байв. “Худалч залуу” киноны нээлтийн тайзан дээрээс тэрбээр мөн л ханьдаа баярласнаа илэрхийлж, “Энэ киноны зохиолыг миний хань, хайртай охины минь ээж МУГЖ Ишдоржийн Одончимэг бичсэн юм. Ханьдаа хайртай” хэмээсэн. Ханийнхаа чин сэтгэлийн талархлын хариуд Одноо “Бархүү чадварлаг, түшигтэй, ноён нуруутай, халамжтай хань. Бурхан надад ийм хайр өгсөн нь миний аз юм” хэмээн хариулсан юм.
Нэг салбарт ажилладаг ханьтай тулдаа л уран бүтээлээ санаа зовох зүйлгүй хийж байна
-Урлагийнхан амрах заваар тун хомс улс. Онгоцны тийз шиг хааяахан олддог амралтын өдрийг хэрхэн өнгөрүүлж сурсан бэ?
-Т.Бархүү бид хоёрт гэртээ тухалж, өнжсөн үе тун ховор. Шинэ киноны нээлт болоод удаагүй байгаа тул ажил мундахгүй их байх юм. Үнэнийг хэлэхэд охиныхоо хичээлийг хийлгэх ч зав гардаггүй. Уран бүтээл рүү ид орчихсон үед гэрээ анзаарах сөхөөгүй явдаг. Охин маань одоо хоёрдугаар ангид сурдаг. Хааяа эцэг, эхийн хуралд ээлжлээд л сууна. Жүжигчин хүний ажил завгүй байдаг хэрнээ цаг хугацаанд баригддаггүй юм.
-Ингэхэд ар гэрийнхээ ажлыг яаж зохицуулж ирсэн хүн бэ?
-Урлагийнхны амьдрал байнга завгүй байх нэг талаар хэцүү. Хүмүүс тэр бүр ойлгодоггүй. Заримдаа ч ар гэр, үр хүүхдээ орхиж байж уран бүтээлээ хийнэ. Нэг салбарт ажилладаг ханьтай тулдаа л уран бүтээлээ санаа зовох зүйлгүй хийж байна. Хамтдаа зүтгэж байж том бүтээлүүдийн ард гарлаа. Бид нэг нэгнээ маш сайн ойлгодог. Гэрийн ажлаа ч гэсэн хуваарилж аваад хийнэ. Өнөөдөр би хийвэл маргааш Бархүү гэх мэт. Урлагийн хүн амьдралаа золиосолж байж амжилтад хүрдэг тохиолдол зөндөө бий. Эмэгтэй хүн уран бүтээлч байх амаргүй л ажил даа. Гэхдээ энэ бүхнийг зохицуулсаар ирсэн. Уран бүтээлч эмэгтэй төгс гэрийн эзэгтэй байх нь тун ховор. Хааяа зав гарвал гэр бүлээрээ аятайхан газар хооллож, дэлгүүр хэсэх дуртай.
-Хааяа сэтгэлээр унах үе байдаг уу?
-Байдаг, байдаг. Бие биенээ сэтгэлээр унасан үед урам хайрлаж, тайтгаруулна. Сэтгэл нь цухалдаж бухимдвал тайвшруулж, хамтдаа ярилцана. Амьдралд асуудал зөндөө байдаг шүү дээ. Бидэнд ч гэсэн хааяа маргаж, санал зөрж, өндөр дуу гаргах үе бий. Хүн л юм чинь уурлана, уйлна, тайвширна, тайтгарна. Хэн хэнийхээ уурыг гарсны дараа “Тэр ч чиний зөв байсан. Гэхдээ үүнийг орхихгүй анхаарах хэрэгтэй байсан байхгүй юу” гээд зөвлөж хэлэх зүйл байдаг. Сүүлийн үед би ном их уншдаг боллоо, олон ч хүнтэй уулзаж яриа өрнүүллээ. Уран бүтээлч хүн ямар ч зүйлд эрэлхийдэг байх хэрэгтэй. Нэг хэвэнд цутгасан мэт өдөр хоногуудыг өнгөрөөж болохгүй л дээ.
Нэг хэвэнд цутгасан мэт өдөр хоногуудыг өнгөрөөж болохгүй л дээ
-Улаан чулуутын хогийн цэгийн ойролцоо байгуулсан сургууль дээрээ хааяа очдог уу?
-Хааяа очиж сургуулийн хүүхдүүдтэй уулздаг. Одоо тэр сургуулийг Баасан хэмээх залуу удирдаж, үйл ажиллагаа явуулдаг. Энэ сургуульд амьдралын түвшин доогуур өрхийн хүүхдүүд суралцдаг юм. Баасан тэднийг өлсгөхгүйн тулд өдрийнх нь хоолыг бэлдэж, эрдэм номд сургаж байна. Хоол хүнснээс гадна дэвтэр ном, үзэг балны мөнгийг энэ залуу хувиасаа гаргадаг. Залуу хүн гэхэд их тэвчээртэй, нийгмийн ажилд их идэвх, санаачлагатай оролцдог. Хүнд нөхцөлд ажилладаг хэрнээ аливаа зүйлд их өөдрөг сэтгэлээр ханддаг. Баасангийн ажлыг дэмжиж, сургуулийнх нь өвлийн түлшийг даах, сурагчдын хэд хоногийн хоол хүнсийг базаах зэргээр сайн санаат хүмүүс тусалдаг юм билээ. Миний эхлүүлж өгсөн ажлыг тэрбээр итгэл алдалгүй авч яваад баярладаг юм. Би хэн ч мэдэхгүй юу ч хийдэггүй хүнд тэр сургуулийг үлдээгээгүй.
-Таны хийсэн ажил хүмүүст их таалагдсан. Олны дунд “Одноо шиг бай л даа” гэдэг уриа хүртэл гарсан байсан шүү?
-Зав гараад, боломж олдвол нийгэм рүү хандсан ажлууд хийх юмсан гэж боддог. Гэхдээ би хийх гэж байгаа зүйлээ нэг их ярих дуртай биш. Аль болох сэтгэлдээ бодож хэрэгжүүлэхийг хичээдэг. Польш, Чех, БНСУ, АНУ, Германаас ирсэн тусламжийн барааг ханьтайгаа хамт ядуу өрх, өрх толгойлсон олон хүүхэдтэй зутруухан амьдарч байгаа эмэгтэйчүүдэд өөрийн биеэр гардуулж өгсөн. Нэг байгууллагад хандаж тусламжийн барааг өгөхөөр яг ядарсан хүмүүст очдог эсэхийг сайн мэддэггүй болохоор цаг зав гарвал өөрсдөө энэ ажилд оролцдог. Ард түмнийхээ дунд ингэж орж ажиллахдаа өдөр хоногийг хэцүүхэн өнгөрүүлж байгаа олон өрхийг харсан. Харчихаад сэтгэл зүрх минь шимширч байлаа. УИХ-ын эмэгтэй гишүүдтэй жүжигчин Г. Ундармаа бид хоёр очиж уулзсан. Ард түмний амьдралаас олж харсан зүйлээ ярьж “Та бүхэн УИХ-д ийм асуудлыг хөндөж санал дэвшүүлээрэй” гээд өөрсдийнхөө санаа бодлыг уламжилж байлаа. Уг нь манай эмэгтэй гишүүд их идэвх зүтгэлтэй ажилладаг юм билээ. Харин тэднээс сэтгэл эмзэглэсэн нэг зүйл сонсчихоод ер нь Улсын Их Хурлын гишүүний суудалд эмэгтэй гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй юм байна даа гэж бодсон. Тэд 76 гишүүн дундаа цөөддөг.
Эмэгтэй хүмүүс болохоор өрх гэртээ санаа зовж, үр хүүхдүүддээ анхаарал тавьдаг шигээ нийгмийн амьдралаас олон зүйлийг гярхай олж хараад санаачлага гаргадаг хэдий ч дэмждэг гишүүд цөөн. Тэд ч бидэнд “Бид асуудлыг шийдэхдээ нам гэж талцаж хуваагдахгүйгээр зөвлөлдөн ярилцаж ойлголцдог. Хамтдаа нэгдээд санаачлага гаргаж, ажил сэдээд, санал хүсэлт тавихаар өөдөөс эрэгтэй гишүүд чавганц шиг битгий тулга тойрсон асуудал тавьж бай гэж загнадаг. Тэдний дундаас бидний санаа бодол, хийж буй ажлыг дэмждэг цөөн гишүүн бий. Даанч дэмжих гишүүд бага болохоор бидний санаачилсан зарим нэг ажил дарагддаг тал бий.” гэж байсан. Гаднаас ирсэн тусламжийн бараануудыг тарааж явахдаа бид “Ард түмний амьдрал өдрөөс өдөрт дорджээ. Үүнийг хүн бүр ярьдаггүй л болохоос биш их хүнд нөхцөлд өнөө маргаашийг аргацаан амьдарч байна. Баян ядуугийн ялгаа асар их гарчээ. Амьдралын ийм хэцүү хүнд давхаргад олон хүн өртөж туйлдсан байхыг өөрсдийн нүдээр харлаа” гээд хоолой зангируулаад ярьж байлаа. Нэг удаа нөхөртөө “Хүнд хэцүү амьдралтай айлын хүүхдүүдийг хараад их өрөвдлөө. Яаж амьдарч байгаа нь нүдэнд харагдаад хааяа шаналах юм” гэхэд “Чам шиг ийм зөөлөн сэтгэлтэй, юмыг эмзэг хүлээж авдаг хүнд ийм ажил тохирохгүй. Зүрх, сэтгэл чинь зовоод тайван ч сууж чадахгүй болно” гэж хэлж билээ.
-Хүнтэй ярилцаж байхдаа, эсвэл олны дунд явахдаа санамсаргүй байдлаар уран бүтээлийнхээ санааг олдог уу?
-Би “Алтан өндөг” киноныхоо санааг нэг настай хүнтэй ярилцаж суухдаа олж билээ. Хөгшчүүд алт шиг үг хэлдэг. Тэр хөгшин “За охин минь хүн үхэхдээ хураасан эд хөрөнгө, амьдарч буй орон байр, эдэлж хэрэглэдэг алт эрдэнэс, насаараа өвлөсөн зүйлээ аваад явдаггүй юм. Энэ хорвоод төрөөд эргээд буцахад нэг их эд хөрөнгө хэрэг байхгүй дээ” гэж хэлж байсныг нь бодоод “Алтан Өндөг” киногоо хийж байлаа. Бодоод байхад хүн амьдарсныхаа эцэст хүний төлөө зөв үйл, сэтгэлд нь үлдэхээр бас дурсагдахаар сайхан зүйл хийх зөв юм шиг ээ. Тэгэхээр миний амьдарсны утга учир хойч үедээ харуулж үлдээх, ухаарал өгөх, урам хайрлах уран бүтээл юм. Уран бүтээл бол уран бүтээлч хүний амьдралдаа үлдээх хамгийн сайхан зүйлийн нэг. Киногоо өмнөд хөршид гаргах эрх авлаа. Зөвхөн монголын уран бүтээлчид бус дэлхийн киноны уран бүтээлчид Хятадад киногоо гаргахыг мөрөөддөг гэдэг.
Дэлхийн олон сая хүн амтай киноны уран бүтээлчдээс Монголын кино шалгараад гарч ирнэ гэдэг маш том боломж. Энэ бүхэн надад маш их урам өгсөн. “Солиот эх” киног саяхан Тажикстанд гаргахыг урив. Кино урлаг бол хүнд нөлөөлж чаддаг гайхамшигтай зүйл. Урлагаар дамжуулж эх орноо сурталчлахаас гадна залуу уран бүтээлчдийнхээ авьяас, ур чадварыг харуулж Монгол хэмээх нэрийг өргөж байгаа юм. Гурван сая хүн амтай Монголын уран бүтээлч 280 сая хүн амтай Пакистан, 1 тэрбум 300 сая хүн амтай Энэтхэг, 1 тэрбум 500 сая хүн амтай Хятадтай өрсөлдөөд гараад ирлээ. Үүнийг өөрийн нүдээр харчихаад хөдөлмөрлөсөн цаг хугацаа, хамтарч ажилласан уран бүтээлчдээрээ бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн.
Хүн инээлгэхийг амархан гэж битгий бод
-Мөнгөний төлөө хуурамч зүйл хийхийг хүсдэггүй зан чинь уран бүтээлээс гадна өөр зүйл дээр ч үе үе цухалзаад л байдаг юм?
-Би амьдрал, уран бүтээлээсээ кайф авч амьдрах дуртай. Энэ амьдралд мөнгө тийм чухал биш. Гэхдээ шуналгүй хүн гэж байхгүй байх л даа. Хамгийн гол нь шуналдаа хязгаар тавьдаг байх хэрэгтэй. Хүмүүс эрүүл мэндээ золиослон байж мөнгөний төлөө зүтгээд байдаг. Эцсийн эцэст бид юуны төлөө амьдраад байгаагаа бодох цаг болжээ. Хүнд хэрэгцээгээ хангахын тулд тийм их мөнгө хэрэггүй гэж боддог.
-Том охин чинь таныг харсаар байгаад жүжигчин болчихлоо. Хориод ч хүсэл сонирхлыг нь дийлээгүй биз дээ?
-Тийм ээ, том охин минь намайг дагаж явсаар байгаад хүссэн хүсээгүй жүжигчин болчихлоо. Жүжигчин болно гэдэг хэцүү ажил. Бэлэн тоглолт үзээд суух амархан боловч тэр зүйлийг бүтээхэд оюуны болоод бие махбодын асар их ачаалал үүрдэг. Бага охиноосоо жүжигчин хүнд байх эмоци байгааг олж хардаг. Гэхдээ жүжигчин болоосой гэж хүсэхгүй байна. Гэр бүлд үр хүүхэд хамгийн сайхан аз жаргал авчирдаг. Заримдаа ажил дээрээ байхдаа охиноо бодоод” Үр хүүхэдтэй байна гэдэг ямар сайхан аз жаргал юм бэ” гээд өөрийн эрхгүй ярьчихна. Тэгэхээр Онон “Хүүе Одноо минь одоо болно. Энэ бүр сайн эзэгтэй болох нь. Наад ажлаа хий. Уран бүтээлээ бод” гээд цаашлуулдаг юм. Би чинь том охиндоо анхаарал тавьж чадаагүй хүн. Бага охиндоо одоо л цаг зарцуулмаар байна шүү дээ.(инээв)
-Намар ажлаар өрнүүн улирал. Яг ийм үед “Алтан Өндөг” киногоороо та үзэгчидтэй уулзаж байна?
-Хүмүүс хавар тарьсан ургацаа намар хураадаг бол бид ч гэсэн хийсэн уран бүтээлийнхээ ард гарч үзэгчидтэйгээ дахин уулзаж байна. Энэ жил бидний хувьд уран бүтээлийн олз омогтой он байлаа. Өнгөрсөн нэгдүгээр сард “Солиот эх” киноныхоо нээлтийг хийхэд үзсэн хүмүүс сэтгэл өндөр хүлээж авсан. Нэг жилд хоёр киноны ард гарна гэдэг том ажил. Олон хүний нөр их хөдөлмөр, их ажлын ард гарлаа. “Алтан Өндөг” кино уг нь “Солиот эх” киноноос гурван жилийн өмнө хийгдсэн бүтээл. Гэтэл дуншсаар байгаад “Солиот эх” киноны дараа гарсан нь тун сонирхолтой. Би инээдмийн төрлийн киногоо “Алтан Өндөг”-өөр өндөрлөөд драмын төрөл рүү орох байсан боловч байр нь солигдчихлоо. ӨМӨЗО-нд киногоо гаргах зөвшөөрөл авна гэдэг амар асуудал биш байв. Удаан хүлээсний эцэст нааштай хариу аваад баярлаж сууна. Энэ киног хийхдээ би өөрийн баримталдаг зарчмаа л дагасан. Уран бүтээлч хүн бүтээлээрээ хүнд хэрэгтэй зүйл хүргэдэг байх ёстой. Хүн инээлгэнэ гэдэг хэцүү. Бидэнд инээдмийн кинонд тоглох хэмжүүр гэж бий. Зарим нь хэт гадаад хэлбэрээ хөөж, хүн инээлгэснээсээ болж янз бүрийн байдалд ордог. Хүн татахын тулд үг хэллэг, нүүр амны хувирлаараа сайн дурын уран сайханчид шиг байж болохгүй. Энэ утгаар яривал их бодож байж хийсэн бүтээл. Үзсэн хүний урам лав хугараагүй. Мэргэжил нэгт нөхөд маань үзчихээд “Ийм кино үгүйлэгдээд байсан юм. Яг энэ үед мэргэжлийн хэмжээнд хийгдсэн кино гарсанд баярлаж байна” гээд урам хайрласан. Энэ бүхэн яг миний хүсэж бодож байсан бай. Би байгаа зөв онож бууджээ гэж бодож байгаа. “Солиот эх” дээр хамтарч ажилласан уран бүтээлчидтэйгээ энэ бүтээл дээр гар нийлж ажилаа
Урлаг хүссэн хүсээгүй хүний сэтгэл, сэтгэлгээнд нь нөлөөлж байдаг
-Инээдмийн гэхээр янз бүрийн үйл хөдлөл, этгээд үг хэллэг давамгайлах боллоо. Энэ нь нэг талаар залууст сөрөг зүйл харуулаад байгаа юм шиг?
-Би залуу уран бүтээлчдэд “Аливаа уран бүтээлд хэмжээ гэж бий. Хүн инээлгэхийг амархан гэж битгий бод. Хүмүүс уран бүтээлийг чинь олон талаас нь харьцуулан бодож хүлээж авна. Та нар инээдмийн зүйлд тоглохдоо үг хэллэгтээ анхаарч байгаарай.” гэж захидаг. Олон жил урлаг судалсан хүн надад “Одноо чиний Алтан Өндөг киноны донж, хэмжээ нь яг таарчээ” гэж хэлсэн. Тэр үед би миний бодсоныг энэ хүн ингэж харж байна гэдэг чинь дөхсөн л юм байна даа” гэж бодож баярлаж байлаа. Юутай ч монголын урлагийн давтагдсан сэтгэлгээ, давтагдсан ахуй дотор арай нэг өөр өнгө төрх орсон болов уу. “Солиот эх” энэ киноны зам, бамбар нь болсон.
-Тодорхой хэмжээгээр судалгаа хийж байж энэ киног бүтээсэн гэж сонссон. Ямарваа уран бүтээл хүний амьдралтай холбоотой сэдвээс үүдэлтэй байдаг ?
-Би хошин шоу, драмд их тоглолоо. Ажиглаад байхад бид нэг сэдвийг тойрч олон тогложээ. Нэг үе тайзан дээр дуулдаг маш олон хамтлаг байлаа. Нөгөө л нэг мөлждөг сэдвийнхээ хүрээнд эргэлдээд байна. Би нэг зүйлийг их удаан бодсон. Алтан өндөг амьдралд хэзээ ч байхгүй. Тахиа хэзээ ч алтаар өндөглөдөггүй. Гэхдээ энэ кино үлгэрийнх кино бас биш. Амьдралд байхгүй юм шиг зүйлийг хүн үзээд “Нээрээ ингэж амьдарч үзэх юмсан” гэж бодож амьдралд хууртдаг. Үүгээрээ монголын кино урлагт өмнө байгаагүй зүйлийг зориуд сонгож авсан. Алтан өндөгний тухай яриа улс гүрэн болгонд өөр өөр байдаг. Оросууд ч гэсэн алтаар тахиа өндөглүүллээ гэж ярьдаг. Болгар, Энэтхэг зэрэг олон орны хүмүүст алтан өндөгний мөрөөдөл байдаг. Харин монголчуудын үлгэрийн санд энэ тухай өгүүлсэн байх нь ховор юм билээ. Үүнийг судалж мэдээд энэ сэдэв монголд их хэрэгтэй юм байна, учир нь хүмүүс мөнгөний төлөө үхэн хатан улайран амьдарч байна. Тиймээс өнөөдөр амьдралд яг юу хэрэгтэй юм бэ? гэдгийг энэ киногоор хөндөж харуулахыг хичээсэн. Хэн ч ядуу амьдрахыг хүсэхгүй, хүн болгон баян амьдрахыг мөрөөддөг. Гэхдээ жаргал гэдэг зүйл яг хаана байдаг юм бэ, амьдралын амт гэж чухам юу юм, юуг амталж амьдраад байгаагаа хүмүүс мэдрэг гэж бодсон юм. Яг ямар сэдвээр хөндөж хүмүүст хөнгөн байдлаар хүргэж ойлгуулах вэ гэж удаан бодсоны эцэст “Алтан Өндөг” киног хийх болсон. Баяжих дуртай хүмүүс аль ч улс оронд байдаг юм байна гэдгийг судалгаа хийх явцдаа мэдсэн. Монголд яагаад ийм сэдэв байж болохгүй гэж, алтан өндгөөр баяжих гэж зүтгэснээ хүмүүс амьдралаас яагаад ойлгож ухаарч болохгүй гэж.
Социализмын үед гуйлгачин амьдарсан хүн ховор. Гэтэл өнөөгийн нийгэм олон гуйлгачин үзэж байна
-“Алтан Өндөг”-ийг үзээд өнөөгийн залуус ойлгох ч социализмын нийгмээр хүмүүжсэн хүмүүст бол нэг л буухгүй санагдах юм?
-Социализмын нийгмээс авах зүйл олон бий, хаях зүйл ч бас бий. Тэр үед амьдарч байсан хүмүүс мөнгөнд сэтгэлээ өгч, эд хөрөнгийг шүтэж амьдарч байгаагүй. Нэгнээ хүндэлж, хийж бүтээснийг нь үнэлж хүний төлөө, бас хүн байхын төлөө амьдарч, ажиллаж ирсэн. Би социализмын нийгмийг муулах дургүй, бүр өмөөрдөг, хааяа сайрхан ярьдаг. Тэр үед согтуу хүн “Намайг үхэхэд Үйлдвэрчний Эвлэл оршуулна.Энэ нийгмээс би гээгдэж хаягдаагүй” гэж онгирч даналздаг байлаа. Нэгнийхээ дутагдлыг хамт олноороо ярьж зөвлөлдөөд амьдралыг нь өөд татдаг байсан бол одоо нэгнийхээ амьдралд анхаарал хандуулдаг хамт олон нүдний гэм болж. Ажил дээрээ алдаа гаргавал адлаад хөөнө. Социализмын үед гуйлгачин амьдарсан хүн ховор. Гэтэл өнөөгийн нийгэм олон гуйлгачин үзэж байна. Хүмүүсийн үзэл бодол, хүсэл мөрөөдлийн чиг, хандлага эрс өөрчлөгдсөн. Тэр ч үүднээсээ бүх зүйлийг мөнгөөр хардаг байдал газар авсаар. Алхам тутамдаа мөнгө ярьсан, бүхнийг мөнгөөр хэмжиж ойлгодог хүмүүстэй таарч байна. Хойшдоо бүтэн амьдралтай гэр бүл ховор болох нь. Нөхрөө мөнгө олсонгүй гэж загнах, харааж зүхэх хүүхнүүд олон болж, олсныг нь зөв зарцуулж чадахгүй дэмий зүйлд үрчихээд “Чиний олж байгаа мөнгө хүрэлцэхгүй шүлс шиг” гэж янших эхнэр айл болгонд байдаг болж. Мөнгөнөөс болж нөхрөөсөө салж байна. Эд хөрөнгөгүй ядуу гэж эр нөхрөө голж байна. Охид амар аргаар амьдарч, баян болохыг хүсдэг болж. Хайр сэтгэл, хүний мөс чанарын асуудлыг уландаа гишгэх болсон. Хүүхнүүд эр нөхрөө сонгохдоо сэтгэлийг нь бус “Энэ байр, машинтай юм уу” гэж эхэлж судалж байгаа нь даанч эмгэнэлтэй.
-Урлаг хүнийг хүмүүжүүлэх үүрэгтэй байдаг ч юм уу даа гэх хүнтэй таарч байлаа. Харин та юу гэж хариулах вэ?
-Урлаг хүссэн хүсээгүй хүний сэтгэл, сэтгэлгээнд нь нөлөөлж байдаг. Кино, дүрслэлийн урлаг ямар ч лекцээс илүү хүнд хүрдэг. 1000 хүн үзээд нэг хүн шиг хүлээж авах албагүй. Манай багш бидэнд “Чиний жүжгийг 500 хүн үзээд нэг хүн ойлгоод гарвал чи үүргээ гүйцэтгэлээ гэж бодоорой” гэдэг байв. Нэг танил маань “Мөнгөний төлөө явсаар хамгийн үнэтэй зүйлээ хажууд байснаа анзаарахгүй эцэст нь эрүүл мэнд ч үгүй хайртай бүхнээсээ холдсон байдаг юм билээ” гэж билээ. Бидэнд муулуулж, сайлуулах үе бишгүй их байсан.Монголын киноны уран бүтээлчид хүнд хэцүү цаг үед гал таслахгүй, очийг нь унтрааж бөхөөлгүй авч явсаар өнөөг хүргэлээ.
-Уран бүтээлчийн хувьд танд онгирч ярих зүйл олон бий. Гэхдээ та даруухан л даа?
-Би уран бүтээлдээ нухацтай чамбай хандахыг Ардын жүжигчин П.Цэрэндагва багшаас суралцсан. Багш маань учиргүй загнаж зэмлэдэггүй ч өөрийнхөө үйл хөдлөл, байгаа байдлаар үлгэрлэдэг юм. Багш юманд чин сэтгэлээс ханддаг. Уран бүтээлээ хүндэтгэж, хийж байгаа ажилдаа дурлаж, тэмүүлдэг зантай. Энэ зан нь бидэнд бахархал төрүүлдэг.