Монгол Улсын Их Хурлын гишүүн, авто спортын тамирчин Н.Номтойбаяр Дакар раллид уралдааныг зорих гэж буй Монголынхоо баг тамирчдад хүндлэл үзүүлж хүлээн авч уулзжээ.Тэрбээр энэ оны бартаат замын олон өдрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн мөнгөн медалиа, шагналынхаа мөнгөний хамт Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нарт гардуулсан байна. Н.Номтойбаяр “Авто спортын олимп гэж хэлж болох “Парис- Дакар”-т шинэ төрөлд бие дааж Монгол улсаа төлөөлөн оролцож буй баг тамирчдадаа, энэ спортыг дэмжигч, энэ спортоор хичээллэж, уралддаг тамирчныхаа хувьд туйлын их баярлаж хувиасаа 10 сая төгрөгийн хандив өгч байна. Энэ бол зөвхөн эхлэл.
Энэ 10 сая төгрөг бол 2018 оны бартаат замын улсын аварга шалгаруулах тэмцээнд манай “Номт инженеринг” клубын баг тамирчид II байр эзэлж 15 сая төгрөгөөр шагнуулсан юм. Үүний 5 саяыг манай штурм захиран зарцуулсан. Надад 10 саяыг нь зарцуулах эрх байгаа. Тиймээс 10 сая төгрөгөө Дакарт оролцох гэж буй Монголын багт хандивлаж байна. Мөн Дакарт оролцох тамирчдын зардал өндөр гарч байгаа тул өөр санхүүжилт хэрэгтэй байгаа юм. Арга зам шийдлийг хайж байна. Дурсгал болгоод бартаат замын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн мөнгөн медалиа дурсгая” хэмээн өгүүлжээ.
Сонирхуулахад төрсөн ах дүүс болох Өдийхүүгийн Бямбадэлгэр, Бямбацогт нар энэ удаа UTV ангилалд уралдах юм. Тэд өмнө нь 2015 оны Дакар раллид уралдсан туршлагатай тамирчид. Мөн ОУХМ Намчингийн Лхамаа эх орноо төлөөлж мотоциклийн төрөлд хүч үзэхээр болжээ. Тэрбээр 2013,2014,2015 оны Дакар раллид оролцсон мөн л туршлагатай тамирчдын нэг бөгөөд 2015 онд Т1-2 ангилалд TLC 200 автомашинаар уралдаанаа амжилттай дуусгаж барианд орсон анхны монгол тамирчин билээ.
Дакарт оролцох Монголын багийн чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт, Техникийн зөвлөхөөр Г.Аранзал, Механикаар Б.Баттөр, Маркетинг менежерээр Д.Баярбилэг, франц хэлний орчуулагчаар Г.Тэмүүжин, вэб дизайн, ай ти инженерээр Б.Хатанбаатар, Фото зураг, хэвлэлийн дизайнаар Ж.Баку, уралдааныг газар дээрээс шууд сурвалжилж мэдээлэл хүргэхээр сэтгүүлч Б.Онон ажиллаж буй юм. Өнөөдөр өглөө Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар техникийн үзлэгт орохоор Францыг зорьсон байна. “Дакар-2019” уралдааны бивок дээр Монгол төрийн далбаатай монгол гэр сүндэрлэх гэнэ. ОУХМ Ш.Гансүх, Д.Батсуурь нар эвхэгддэг гэр урлаж тамирчдад бэлэглэжээ.
Дакар раллид уралдах монголынхоо тамирчдад LIVETV.MN онлайн тв, сайтын хамт олноос өндөр амжилт хүсье.