Өмнөд Африкийн Кэйп Тауны их сургуульд иргэний инженерийн чиглэлээр суралцдаг магистрын ангийн оюутнууд дэлхийн анхны био тоосгыг хийжээ.
Хүн төрөлхтөний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг байр, орон сууц, хашаа хороонд оролцдог тоосгыг хамгийн хямд, эко аргаар бүтээхдээ оюутнууд шээс ашигласан байна.
Хүний шээсийг элс, бактери, энзим, бэхжүүлэгчтэй хольж тоосго бүтээжээ.
Био тоосго саарал өнгөтэй, нэг ширхэгт 25-30 литр шээс орсон байна. Эрэгтэйчүүдийн бие засах өрөөнд суурилуулсан нөөцлүүр савнаас тоосго хийх гол материалаа бүрдүүлжээ.
Эрэгтэй хүн нэг удаа хөнгөнөөр бие засахад ойролцоогоор 300 мл шингэн гадагшуулна гэж тооцвол нэг стандарт хэмжээтэй тоосгонд зуун хүний шээс хэрэгтэй болохнээ.
Магадгүй энэ хэтэрхий их тоо мэт санагдах байх. Гэхдээ био тоосго хийсэн оюутнууд шээсийг “шингэн алт” гэж нэрлэжээ. Учир нь шээсний найрлагын ихэнх хувь нь ашигтай элементүүдээс бүрддэг ба усны бохирдлын ердөө нэг хувийг үүсгэдэг байна.
Энгийн тоосгыг 1,400 хэмд халааж хийдэг бол био тоосгыг халаах шаардлагагүй гэнэ.
Хүний биеэс гарах бохирдлыг ашиглаж хэрэгтэй зүйл бүтээснээр нийгэмд хог хаягдалгүй байх, дахин боловсруулах эерэг мэссеж өгнө гэж оюутнууд найдаж байна.
Төслийн багийнхан цаашид тоосгоны чанарыг сайжруулах, үнэрийг нь түргэн арилгахаар ажиллах юм. Тоосгоны үнэрийг арилгахад одоо 48 цаг зарцуулж байгаа гэнэ.
Эх сурвалж: www.qz.com