Монгол банк нь Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуульд заасан эрх, үүргийн дагуу дурсгалын зоос захиалан үйлдвэрлүүлдэг бөгөөд анхны дурсгалын зоос 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулсан 1 төгрөгний нэрлэсэн үнэтэй алтан, мөнгөн, никел, гуулин зоос байв. Түүнээс хойш түүхэн тэмдэглэлт ой, ховордсон ан амьтад болоод 1911 оноос 2017 он хүртэлх Монгол Улсын төрийг ямар хүмүүс удирдаж байснаар "Төрийн тэргүүн" цуврал зоос гаргаад буй.
Одоогоос хагас зуун жил буюу 50 жилийн тэртээ 1968 оны 10 сарын 20-ны өдөр Хойд Америкийн Мексик улсын Мехико хотод Зуны XIX олимпийн наадмын чөлөөт бөхийн дэвжээнд анх удаа Монгол Улсын Төрийн далбаа дөрвөнтөө мандсан түүхтэй. НҮБ-д гишүүнээр элсээд Бүрэн Эрхээ тунхаглаад удаагүй байсан Монгол Улсын баг тамирчид 1964 оны Токиогийн зуны олимпийн наадамд анх удаа оролцож, 1968 оны Мехикогийн олимпийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон нь түүхэн амжилт байсан төдийгүй Монголын баг тамирчдын олимпийн медалийн буухиа эхэлсэн юм. Мексикийн Мехико хотод зохиогдсон 1968 оны Зуны олимпийн наадамд манай улсаас 16 тамирчин оролцсоноос нэг мөнгөн, гурван хүрэл медаль хүртэн, хоёр тамирчин шагналт байранд орж Монгол Улс 27 дугаар байрт шалгарч байв.
“Монгол Улсын олимпийн медальт тамирчид” цувралын үргэлжлэл болгож Мехикогийн олимпоос мөнгөн, хүрэл медаль хүртсэн Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав, Т.Артаг нарын түүхэн амжилтын 50 жилийн ойд зориулсан дурсгалын зоосыг худалдаанд гаргахад хэдийнэ бэлэн болжээ. Уг цувралын анхны зоос 2008 оны Бээжингийн олимпийн алт, мөнгөн медаль хүртсэн Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, О.Гүндэгмаа, Д.Баатаржав нарын хөрөгтэй мөнгөн зоосыг 1кг, 1 унцаар тус тус хоёр төрлөөр захиалан үйлдвэрлүүлсэн. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Монгол Улсаас олимпийн аваргын алтан медальтан хоёр, олимпийн мөнгөн медальтан 10, олимпийн хүрэл медальтан 14 нийт 25 хүн /олимпийн алт, мөнгөн хос медальт Н.Түвшинбаяр/ олимпийн медаль хүртээд байгаа юм.
1968 Мехико Жигжидийн Мөнхбат
Шигшээ багийн тамирчин Жигжидийн Мөнхбат 87 кг-ын жинд зүүн Герман, Мексик, Швейцарь улсын тамирчдыг оноогоор ялж, IV тойрогтоо гоц мөргөн V, VI тойрогтоо Болгар, ЗХУ-ын тамирчидтай хайнцаж баруун Германы тамирчин Пекхэмийг ялснаар олимпийн мөнгөн медаль зүүж эх орныхоо далбааг олимпийн тэнгэрт мандуулсан юм.
1968 Мехико Чимэдбазарын Дамдиншарав
Монголын чөлөөт бөхийн төдийгүй их спортын алтан үеийн тамирчин, дасгалжуулагч, Ардын багш, Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Дамдиншарав Мехикогийн XIX олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн. Хагас зуун жилийн тэртээ Монгол Улсаас төрсөн олимпийн медальтнуудын анхны салхийг хагалсан тэрбээр Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч /1978-1986 он, 1996-2004 он/-аар 16 жил ажилласан юм. Чөлөөт бөхийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулсан Ч.Дамдиншарав 52 кг-ын жинд Японы бөх Асахи Шимбун /олимп, дэлхийн аварга/-тай барилдаж ялагдан хүрэл медалийн болзол хангасан юм.
1968 Мехико Төмөрийн Артаг
Чөлөөт бөхийн улсын аваргын тавцанд долоон удаа гарсан тэрбээр 1968 онд Мексик улсын Мехико хотод болсон Зуны олимпийн XIX их наадмаас хүрэл медаль хүртсэн. Олимпийн хүрэл медальт, Монгол улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн Азийн аварга, үндэсний бөхийн улсын начин цолтой. Тэрбээр олимпийн наадмын анхны даваанд гараад өвдөг шороодсон хэдий ч, ялах чин хүслээр хоёрын даваанд гарч Английн Жоржийг баруун ташаагаараа тонгорч цэвэр ялжээ. Гурвын даваанд Канадын Вертийг зүүн ташаагаараа тонгорч сөхрүүлээд дөрвийн даваанд Унгарын нэрт бөх Бойкотой хүч тэнцүү үзсээр оноогоор ялсан байдаг. Дараа нь Туркийн бөх олимп, дэлхийн аварга Атлайтай учраа таарсан. Түүнийг ялбал олимпийн медаль хүртэхээ ухаарсан тэрбээр тун няхуур барилдсаар барилдааны хугацааг 2:2 оноотой гүйцээн санасандаа хүрч жингийнхээ 19 бөхөөс гуравт орсон хүчтэн. Олимпийн их наадмын анхны хүрэл медальт Т.Артаг дэлхийн аваргын тэмцээнд дөрвөн удаа шагналт байранд орж байсны дээр Ази тивийн аварга болж байв. Энэ амжилтаараа Монгол улсын гавьяат тамирчин цол хүртсэн. 1972 оны наадмаар Ш.Батсуурь аваргаар тав давж улсын начин цол хүртсэн алдарт бөх байв.
1968 Мехико Данзандаржаагийн Сэрээтэр
1961 оноос эхлэн бөхийн чөлөөт спортоор хичээллэж эхэлсэн тэрбээр 1964, 1968, 1972 оны зуны олимпод оролцож, Мехикогийн олимпийн наадамд чөлөөт бөхийн төрлөөр 70 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, олимпоос медаль хүртсэн анхны тамирчдын нэг болсон юм. ДАШТ-д 7 удаа оролцож хоёр удаа V байр, хоёр удаа VI байр эзэлж, Эдмонтоны ДАШТ-ний хүрэл, 1974 онд Азийн спортын наадмын мөнгө, ах дүү армиудын тэмцээний таван удаагийн, Германы олон улсын тэмцээн, “Интернационал” тэмцээнүүдийн аварга юм. Дан-Коловын нэрэмжит болон Тбилисийн тэмцээнүүдийн медальтай, Монгол Улсын долоон удаагийн аварга, ОУХМ, Монгол Улсын гавьяат тамирчин, Саха-Якутскийн спортын мастер, олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч тамирчин. Олон Улсын тэмцээнээс анхны алтан медалийг эх орондоо авчирсан бөх гэгддэг. Үндэсний бөхөөр 1961 оноос улсын их баяр наадамд барилдаж 1965 онд зургаа давж өсөх идэр начин цол авсныхаа дараагаар 1966, 1967, 1973, 1981 онд бататган өсөх идэр, улам нэмэх, уран мэхт, саруул сайжрах, гарамгай хүчит начин болсон. 2004 онд урьдын амжилтаар нь улсын харцага цол олгосон юм. 1971 онд Софид болсон ДАШТ-д нэг тэнцэж, тав ялж, нэг ч ялагдаагүй хэрнээ тэр үеийн дүрмээр оноогоо дуусгаж, цааш барилдалгүй VI байранд орж байснаас нь үндэслэн бөхийн чөлөөт барилдааны дэлхий нийтийн дүрмийг өөрчилж байсан түүхтэй. Түүний барилдааны арга барил нь дэлхийн олон оронд чөлөөт бөхийн суурь сургалт болоход ашиглагддаг. 1970 онд тэрбээр Монгол Улсын “Шилдэг тамирчин”-аар өргөмжлөгджээ. Сурган хүмүүжүүлэх ухааны дэд профессор цол хүртэж, “Алтан гадас” одон, хошой Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн хүндэт медаль, МҮОХ-ны “Алтан очир” одонгоор тус тус шагнагдсан байна.
Монгол банкны зоос хариуцсан эдийн засагч А.Жанцанхорлоогоос Мехикогийн олимпийн наадамд чөлөөт бөхийн төрлөөр медаль хүртсэн тамирчдаар дурсгалын зоос гаргасан тухай тодрууллаа.
А.Жанцанхорлоо: Дурсгалын зоосыг цувралаар гаргах нь илүү үнэ цэнэтэй байдаг
Эдгээр зоос нь 25 гр жинтэй, 38.61 диаметртэй, 999 сорьцтой мөнгөн зоос юм
-Монголын тамирчид олимпоос анх медаль хүртсэний 50 жилийн ойг тохиолдуулан БСШУСЯ-тай Монгол банк хамтраад дурсгалын зоос гаргасан нь таатай зүйл боллоо?
-Монгол Улс 1968 онд Мексик улсын Мехикод болсон Зуны олимпийн XIX наадамд эх орноо төлөөлж амжилттай оролцсон тамирчид болох Жигжидийн Мөнхбат, Чимэдбазарын Дамдиншарав, Данзандаржаагийн Сэрээтэр, Төмөрийн Артаг нар чөлөөт бөхийн төрлөөр нэг мөнгөн, гурван хүрэл медаль хүртсэн байдаг. Монголын тамирчид олимпоос анх медаль хүртсэний 50 жилийн ойг тохиолдуулаад БСШУСЯ-тай Монгол банк хамтран дурсгалын мөнгөн зоос гаргалаа. Эдгээр зоос нь 25 гр жинтэй, 38.61 диаметртэй, 999 сорьцтой мөнгөн зоос юм. Өөрийнх нь нэрлэсэн үнэ нь 5000, медаль тус бүрийн худалдаалагдах үнэ нь 400 мянган төгрөг.
-Монголын зоос цуглуулагчдын холбоотой Монгол банк хамтарч ажилладаг. Тиймээс зоосны талаарх мэдээллийг танайхаас авч, сонирхож үзсэний үндсэн дээр худалдаж авдаг уу?
-Дурсгалын зоосуудыг Монгол банкны эрдэнэсийн сан дээр ирж сонирхсон зоосоо сонгоод авч болно. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг coin.mongolbank.mn цахим хуудас руу орж үзээд төлбөрөө дансаар шилжүүлж өөрийн биеэр ирж авах боломжтой.
-1968 оны Мехикогийн олимпийн аваргуудад зориулан гаргасан дурсгалын зоос хэдэн ширхэг хэвлэгдсэн бэ?
-Тамирчин тус бүрд 125, нийт 500 ширхэг зоос хэвлэгдэн гарлаа.
-Эдгээр дурсгалын цуврал зоос гаргахын тулд 1968 оны Мехикогийн олимпиос медаль хүртсэн тамирчидтай ярилцаж байгаад гаргав уу?
-Бидэнтэй БСШУСЯ, Монголын олимпийн медальтнуудын холбоо холбогдож Монголын тамирчид дэлхийн олимпоос анх медаль хүртсэний 50 жилийн ойг тохиолдуулан дурсгалын цуврал зоос гарган хамтарч ажиллах санал тавьснаар энэ ажлыг үргэлжлүүлсэн. Дурсгалын зоосыг цувралаар гаргах нь илүү үнэ цэнэтэй байдаг. 2008 онд Монгол Улсын тамирчид Бээжингийн олимпоос анх удаа алтан медаль хүртсэн баярт үйл явдал тохиосон. Олимпоос алт, мөнгөн медаль хүртсэн тамирчдын дүрслэлээр дурсгалын зоос гаргаснаас хойш 10 жилийн дараа цуврал зоос болон үргэлжилж ийн олны хүртээл болж байна.