Ардчилсан намын хэсэг гишүүд өнөөдөр /2020.10.06/ мэдээлэл хийж, энэ удаагийн орон нутгийн сонгуульд нь намын удирдлагууд ШИНЭ нам болон МАХН-тай нэгдэж оролцож байгааг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.
Тэд намаасаа урвасан, хэсэг бүлэг хүмүүстэй нийлж нам байгуулсан Л.Болд, улс орныг сүйрлийн ирмэг рүү түлхсэн МАХН-ын дарга Н.Энхбаяртай нэгдэж, нэг хөнжилд орж, орон нутгийн сонгуульд хамтарч ажиллаж байгаад Ардчилсан намын мянга мянган жирийн гишүүд эсэргүүцэж энэхүү мэдээллийг хийж байна гэлээ.
МУГЖ, Ардчилсан намын гишүүн н.Баянмандах "Бид ардчиллыг хөгжүүлэхийн төлөө ажил амьдралаараа дэнчин тавьж явсан хүмүүс. Гэтэл өнөөдөр ардчилсан нам ардчилалгүй болжээ. Дүрэмгүй болжээ. Ардчилсан нам сүүлийн жилүүдэд удаа дараагийн сонгуульд ялагдалд хүргэсний буруутан нь ардчиллын үе үеийн удирдлагууд байсан. Алсын хараагүй, зөв бодлого баримтлаагүй, сөрөг хүчин болж чадахгүй нам болсон.
Ардчилсан нам хэсэг бүлэглэлд үйлчилдэг, шударга гишүүд нь нэр дэвшиж чадахгүй, намын итгэл үнэмшлийг алдагдуулж байна. Энэ бүхэнд ардчиллын төлөө явж байгаа эгэл жирийн гишүүд туйлын харамсч байна. Гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна.
Мөн улс орныг буруу тийш авч явсан бүлэглэлийн нэг Намбарын Энхбаяртай хамтарч байгаад бүх их харамсаж байна" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.