План Интернэйшнл нэртэй Их Британид төвтэй олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас цахим орчинд хүчирхийлэл хэрхэн явагдаж байгааг 20 гаруй орны хэмжээнд судалжээ. Ингэхэд санаанд оромгүй тоо баримт гарсан тухай мэдээлсэн байна.
Дэлхийн 70 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг хүмүүнлэгийн байгууллага Facebook, Instagram болон WhatsApp зэрэг залуусын хамгийн их хэрэглэдэг цахим хуудсуудыг судалгаанд хамруулж илт хүчирхийлсэн шинж чанартай зурвас, ил задгай зураг, цахим дарамт зэрэг интернэт орчинд үйлдэгдэж болох хүчирхийллийн шинжтэй үйлдлүүдийг судалжээ.
Австрали, Канад, Бразил, Бенин, Япон, Замби, Америк зэрэг 22 оронд 15-25 насны 14,000 өсвөр насны болон залуу охид эмэгтэйчүүдийг судалгаанд хамруулсан байна. Өөрөөр хэлбэл энэ удаагийн судалгааг охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа цахим халдлага, хүчирхийлэлд илүү анхаарал хандуулан хийжээ. Судалгаанд хамрагдсан хугацаа дөрөвдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 5-ны өдөр юм.
Дэлхий даяар 1,000 эмэгтэй цахим сүлжээ хэрэглэгч тутмын 58 хувь нь хүчирхийлэлд өртдөг гэсэн баримт байдаг бол Австрали улсад хамгийн өндөр буюу 1,000 хэрэглэгч тутмын 65 хувь нь цахим хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа гарчээ. Эдгээр хохирогчдын тэн хагас нь сэтгэл санааны хүнд байдалд ордог байна. Мөн тус улсын таван залуу эмэгтэй тутмын нэг цахим дарамтаас болж бие махбодоороо хохирох аюулд ордог гэжээ.
Нөгөө талаар дэлхий даяар үйлдэгдэж буй цахим халдлага, хүчирхийллийн ихэнх нь дан ганц Facebook хуудсаар дамжуулан явагдаж байгааг судалгаагаар харуулсан байна. Тодруулбал нийт цахим хүчирхийллийн 39 хувь нь Facebook-р, 23 хувь нь Instagram-р, 14 хувь нь WhatsApp-р, 10 хувь нь Snapchat-р, 9 хувь нь Twitter-р, 6 хувь нь TikTok апп-уудад бүртгэгджээ.
Түүнчлэн цахим хүчирхийллийн бай болсон таван хүн тутмын нэг олон нийтийн цахим сүлжээний хэрэглээгээ бууруулдаг бол 10 хүн тутмын нэг нь цахим орчинд өөрийгөө илэрхийлэх арга барилаа өөрчилдөг гэжээ. Тэгвэл цахим хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийн 40 хувь нь халдлагад өртөж байгаа хохирогчидтой нэг сургууль аль эсвэл нэг албан газарт ажилладаг, 29 хувь нь найзууд, 16 хувь нь хуучин хамтрагчид байгаа бол 38 хувь нь үл таних этгээдүүд байгааг тогтоожээ.
Тэр дундаа охид эмэгтэйчүүд цахим хүчирхийлэлд эрчүүдээс илүү өртөж байгаа тул нийт эмэгтэй цахим сүлжээ хэрэглэгчдийн 44 хувийг хамгаалах шаардлагатай байгааг судлаачид сануулсан байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.