"Amazon" онлайн худалдааны компани энэ долоо хоногийн эхээр "Amazon One" хэмээх алга уншигч шинэ технологио олон нийтэд танилцуулжээ.
Компанийн "Amazon Go" дэлгүүрээр үйлчлүүлсэн худалдан авагчид гарын алгаа сканердуулаад, хүнсний бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлөх боломжтой аж. Энэхүү технологи хүний гарын хэлбэр болон вений судасны өвөрмөц тогтцод дүн шинжилгээ хийн, нүүр царайг таних технологийн адил хүнийг хэн болохыг нь тодорхойлдог гэнэ.
Уг төлбөрийн аргыг ашиглах хүсэлтэй хүмүүс сканерын төхөөрөмжид төлбөрийн картаа хийгээд, нэг эсвэл хоёр алгаа уншуулан, бүртгүүлэх боломжтой аж. Үүний дараагаар үйлчлүүлэгчид төлбөр тооцоогоо хийхдээ юунд ч хүрэх шаардлагагүй бөгөөд алгаа хэдхэн секундийн турш уншуулахад л хангалттай юм. Ялангуяа цар тахлын үед энэ нь том давуу тал билээ.
"Amazon One" нь эхний ээлжид зөвхөн төлбөр тооцоонд ашиглагдах боловч "Amazon" компани энэхүү тоног төхөөрөмжид илүү том хүсэл эрмэлзэл тавиад байгаа нь тодорхой. Ирээдүйд уг төхөөрөмж зөвхөн дэлгүүрийн төлбөр хийхээс гадна урлагийн тоглолт, спортын арга хэмжээний тасалбарыг орлож, албан газрын шинэ үнэмлэх болох боломжтой.
Өөрөөр хэлбэл, "Amazon One" бол төлбөрийн технологи биш харин хүн таних технологи юм.
Эх сурвалж: The Verge
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.