Монгол Улсын Засгийн газраас дархлаажуулалтын 10 хоногийг 26 дах жилдээ зохион байгуулж байна.
Энэ удаагийн ээлжит 10 хоногийг “Томуугаас сэргийлье” уриан дор өнөөдрөөс эхлүүлж байна.
Манай улсын хувьд улирлын томуугийн эсрэг гурван цэнт А хүрээний H1N1, H3N2, B хүрээний хэв шинжийг агуулсан вакциныг БНСУ-ын Грийн Кросс үйлдвэрээс саяхан хүлээн авчээ.
Томуугийн эсрэг вакцинаар томуугийн өвчлөлд хамгийн өртөмхий, хүндрэх эрсдэлтэй хүн ам болох хүүхдүүддээ:
Нийслэлд 6 сартайгаас 9 насны хүүхдүүд, Аймгийн төвд 2-5 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр харъяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг, сургууль дээр нь дархлаажуулалтын түр цэгүүдээр вакцинжуулна.
Хүүхдүүдэд вакцин хийлгэхийн өмнө эцэг, эх, асран хамгаалагч нарт вакцины талаарх мэдээллийг хүүхдийн байгууллагаар дамжуулан өгсөн байна.
Тухайн хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын бусад вакцинд хамрагдаагүй, аливаа нэг халдварт өвчнөөр өвдөөгүй болохыг баталгаажуулан эцэг эхээр нь зөвшөөрөлийн хуудсанд гарын үсэг зуруулж вакцинжуулна.
Насанд хүрэгчдийн хувьд 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны ахмадууд болон архаг суурь өвчтэй хүмүүс, Эрүүл мэндийн ажилтанууддаа харьяа эрүүл мэндийн байгууллага болон ӨЭМТ-ийн дархлаажуулалтын нэгжүүдэд вакцинаа хийлгэнэ.
Ер нь дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш, олныг хамарсан дэгдэлт, цартахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг.
Дэлхийн 194 орон бага насны хүүхдийг вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Иймд, та бүхнийг үр хүүхдээ дархлаажуулалтад бүрэн хамруулж, томуугийн өвчлөл хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
Мөн дан ганц вакцин амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлдэггүй. Та бүхэн гараа байнга угааж, амны хаалтаа зүүж, олон хүнтэй газруудаас явахгүй байхыг дахин дахин сануулж байна.
Нэмэлт мэдээлэл:
Вакцин хийлгэхийн өмнө юу анхаарах вэ?
Эмчийн үзлэгт орох
Дулаан хувцаслах
Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?
Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
Вакцины эсрэг заалт:
Вакцинд хэт мэдрэг хүн
Өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнүүд харшилтай хүн
Сүүлийн 6 сарын дотор таталт, саажилтын хам шинж өгч байсан хүн
Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед
Дархлал дутмагшилтай хүн
Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүн
Хавдарын эмчилгээний цитостатик эм хэрэглэж байгаа хүн
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.